Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” яруу найргийн наадам хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг наадмыг Нийслэлийн засаг даргын санаачлага, ивээл дор явуулах аж.
Эх үрсийн баярыг тохиолдуулан эх орон тусгаар тогтнол, эх үрсийн элбэрэлийн сэдвээр бичигдсэн бүтээлүүдийг шалгаруулах бөгөөд оролцохыг хүссэн яруу найрагчид энэ сарын 25-ныг дуустал Монголын зохиолчдын эвлэлийн байранд бүтээлээ ирүүлэх юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зургадугаар сарын 1-ний өдөр болно. Дараагийн шатанд шалгарсан 15 яруу найрагчаас шилдэг гурвыг нь тодруулж, тэргүүн байр нэг сая төгрөг, дэд байр 800 мянган төгрөгийн шагнал хүртэх гэнэ. Харин гуравдугаар байранд шалгарсан яруу найрагч 500 мянган төгрөгийн эзэн болох нь ээ.
Өнгөрсөн жил энэ наадмын анхны түрүүг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б. Баттулга авч байсан байна.
Х. Даваа
