Олон улсын Хүүхэлдэйн театруудын холбооноос зохион байгуулдаг их наадам БНХАУ-ын Чендү хотод болох гэж байна. Уг наадамд Монгол улсаа төлөөлөн манай аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “Аз жаргал хүсье” хүүхэлдэйн концертын хөтөлбөрөөр оролцох юм. Тус театрын уран сайхны удирдагч Х.Бямбабаатар, найруулагч Е.Баярмагнай нарын найруулан тавьсан хүүхэлдэйн концертын хөтөлбөрийн арав гаруй уран бүтээлчид олон улсын наадамд авьяас чадвараа сорих гэж байна. Олон улсын театруудын холбоо нь 1926 онд байгуулагдсан мэргэжлийн байгууллага юм. Манай улс энэ байгууллагын урлагийн наадамд хамгийн сүүлд 1976 онд оролцож байжээ. Эрдэнэтийн театрынхан уг наадамд оролцсоноор Монгол улс төдийгүй хотоо сурталчлах, өөрийн театрын урлагийн түвшнийг бусад улсынхтай харьцуулах, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Мөн туршлага солилцох, гадаа харилцаагаа хөгжүүлэхэд тустай гэж театрын найруулагч Е.Баярмагнай ярьж байна. Олон улсын наадам энэ сарын 27-ноос ирэх сарын 4-ний хооронд болно.
