Тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлсэн нь том дэмжлэг болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

 

Тариаланчид тариалангийнхаа үрэлгээг ид хийж байна. Энэ жилийн хувьд Засгийн газраас тариаланчдын хувьд байнгын бэрхшээл болдог  шатахууны асуудалд нэлээд анхаарсан нь тэдэнд урам зориг өгчээ.   Өөрөөр хэлбэл    30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр шатахуун олгож байгаа нь эргэлтийн хөрөнгөө заавал зарж байж шатахуунаа авдаг байсан тэдний хувьд таатай нөхцөл болсон байна. Намар бүтээгдэхүүнээ борлуулсны дараа үлдсэн хувийг нь төлөх боломжоор хангаж өгсөн нь том хөнгөлөлт боллоо гэсээр Сэлэнгэ  аймгийн тариаланчид Засгийн газрын тэргүүнээ угтлаа.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ  бодит хөрсөнд хэрхэн бууж байгаа, мөн тэдэнд ямар бэрхшээл тулгарч байгааг сонсохоор Ерөнхий сайд С.Батболд  өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймагт ажиллаж,  Баянгол  сумын  “ Түмэн бут” ХХК-ийн тариалалалтын явцтай танилцаж,  тариаланчидтай уулзлаа.

Энэ жил   Сэлэнгэ аймгийн хувьд  тариалалт 50 хувьтай, харин Баянгол сумын хувьд 42 хувьтай явж байгаа юм байна.  Засгийн газрын тэргүүнээ ирэх сургаар тариалан эрхэлдэг 20 гаруй компаний захирлууд ч тариалангийн талбайд цугларсан байв. Хур тунадас бага орсон хэдий ч газрын гүндээ чийг сайн хуримтлагдаж, тариалалт хэвийн сайн явагдаж байна хэмээн  “Түмэн бут” ХХК-ийн захирал Л.Алимаа ярилаа.  Эднийх эргэлтийн 600 га газартай бөгөөд энэ жилийн хувьд Дэрс хот, Цагаанчулуут хэмээх газрууддаа үрэлгээгээ хийгээд эхэлжээ.” Алтайский 535 “ сортын үрээр эдний компани дөрөв дэх жилдээ тариалалт хийж буй бөгөөд ажил хэвийн сайн явагдаж байгааг онцоллоо.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа тодорхой арга хэмжээнүүдийн үр дүнд газар тариалангийн салбарт хүндрэл гэх асуудал бага болжээ. Энэ тухайгаа ч тариаланчид Ерөнхий сайдад дуулгаж байсан бөгөөд харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг , ялангуяа  үр тарианы комбайнуудаа шинэчлэх  зорилт дээр нь дэмжлэг үзүүлэх боломжийн тухай, мөн үр тариагаа хадгалах сав, түүнчлэн  борлуулалтын асуудлыг ч   тэд хөндөв.

Харин Засгийн газрын тэргүүн тэдэнд таатай мэдээ дуулгасан. Манай газар тариалангийн том компаниуд нэг үеэ бодвол бэхэжсэн болохоор одоо жижиг, дунд компаниудыг түлхүү анхаарах бодлого явагдаж байгааг хэлсэн нь тэдний хүсэлттэй бүрэн нийцлээ. Тухайлбал,татварын бодлогоо томчуудад биш жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хандуулж байгааг, зээлийн эх үүсвэрийг бага хүүтэй урт хугацаатайгаар тэдэнд зориулж байгааг, техник тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас  хөнгөлж чөлөөлөх хугацааг  2016 он хүртэл сунгасныг тариаланчидтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэж байв. Мөн түүнчлэн жижиг,дунд хэмээн хавтгайрч ярьдагийг цэгцэлж, тэдгээрийг нэлээн тодорхой болгож өгснийг ч дурьдлаа.  Хадгалах сав болоод борлуулалтын асуудал Засгийн газрын анхаарлын төвд бийг ч онцоллоо.

Харин тариалангийн салбар маань уул уурхайн салбартай энэ зэрэгцэж, хос морь болох  алхмууд тавигдсан  нь шинэ мэдээ байв. Өөрөөр хэлбэл БНХАУ-д 100 мянган тонн үр тариаг экспортлохоор яриа хэлцэл хийж эхэлжээ. Энэ Засгийн газрын үед энэ ажлын эхлэл тавигдсан нь сайхан хэрэг гэлээ.  Ийнхүү тариаланчдын ажил жигдэрч,  гурав хоногийн ажил үлджээ. 

Тариаланчидтай уулзсаны  дараа Ерөнхий сайд С.Батболд тариалангийн талбайдаа үрэлгээ хийж байгаа  тариаланч Эрдэнэбаатартай уулзаж, санал бодлыг нь сонслоо.  4 дэх жилдээ ажиллаж байгаа тэрбээр  өнгөрсөн жил жил  нийтдээ 5.2 сая төгрөгийн цалин авсан гэнэ. Жил ирэх тусам цалин нь нэмэгдэж байгаа , газар тариалан эрхэлнэ гэдэг урамтай сайхан ажил хэмээн Эрдэнэбаатар ярилаа.

Үүний дараа Засгийн газрын тэргүүн тус сумын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний талбайд хүрэлцэн очиж тариаланч, ногоочидтой уулзлаа.

Баянгол сум нь   1600 өрх, 5700 хүн амтай аж.  Эдгээрээс  350 гаруй өрх нь ногоо тарьдаг юм байна. Үрийн төмсний шинэчлэл 100 хувь хийгдэж, вирусгүй төмс тариалж эхэлжээ. Тус сум амьдрах орчин, үйл ажиллагаагаа ногоонжуулж, ногоон сум болох хөтөлбөр дэвшүүлсэн нь Ерөнхий сайдаас сайшаал хүртлээ.  Энэ ажлын эхлэл болгож ОХУ-ын Эрхүү хотоос 100 ширхэг давжаа алимны мод авчирч суулгаж байгаа юм байна. Иргэддээ лизингээр энэ суулгацаас өгөх ажээ. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар ч Засгийн газраас тодорхой зорилт тавьж байгаа гэдгийг гүцэтгэх засаглалын тэргүүн  тэдэнд дуулгаж,  дэлхийн хүнсний хангамжид хүнсний ногоогоор нэмэрлэх томхон бодлого ч энд хөндөгдлөө.

Ногоочдын тавьсан гол санал нь олон төрлийн ногоо тарьж байгаа хэдий ч түүнийгээ борлуулах, хадгалах сав зоорьны асуудал хүндрэлтэй байгааг дурьдаж байв.

Энэ асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч, дэмжинэ гэдгээ тэдэнд дуулгалаа. Холбогдох сайдад үүрэг өгч,  ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулах даалгаврыг  өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top