“Эрүүл мэнд-Эрхэм баян” уриатай бүх нийтийн гүйлт эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Тавдугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд Биеийн тамир спортын газар, НЗДТГ, БОАЖЯ, ЭМЯ хамтран улс орон даяар бүх нийтийн гүйлтийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор “Лондон-2012” нэртэй явагдсан бөгөөд тус гүйлтэд нийт 5000 гаруй хүн хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхийн сацуу Олимпын эрх бүхий тамирчдаа дэмжин оролцсон юм.

Нэг сарын хугацаанд явагдах энэ аяны гол онцлог нь орон даяар явагдаж байгаа ба оролцогчид ижил малгайгаар жигдэрч, Лондон хот хүртэл байгууллага хамт олноороо 12250 км замыг гүйж туулахад оршиж байгаа юм байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Их Британийн вант улсаас Монгол улсад суугаа элчин сайд Торда Абот-Вот нар тус аяны үйл ажиллагааг нээж үг хэллээ. Мөн Ерөнхий сайд С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Цогтбаатар болон бусад албаны хүмүүс оролцогчидтой хамт 3 км газрыг гүйж туулан барианд ирсэн юм. Ингээд тэдний сэтгэгдлийг та бүхэндээ хүргэе.

Ерөнхий сайд С.Батболд:

-Гүйх нь амаргүй ч сайхан байна. Олимпийн эрх авна гэдэг маш их хөлс хөдөлмөр, оюун ухаан, тэсвэр хатуужил байдаг юм гэдгийг надад энэ богинохон зай харууллаа. Тиймээс олимпийн тамирчиддаа ард түмнийхээ өмнөөс амжилт хүсье. Монголчууд бид бүгдээрээ та нартаа итгэж байгаа шүү. Дахин амжилт хүсье!  гэж хэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Цогтбаатар:

-Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл бие гэдэг бол ногоон орчин. Ногоон орчин гэдэг бол ирээдүй. Тиймээс бид олимпийн багийг ч гэсэн ногоон баг гэж нэрлэсэн. Бид өнөөдөр ногоон малгайтай гүйцгээж байгаа нь ч үүнтэй холбоотой. Монгол залуучууд маань  өөрсдийн эрүүл мэнд болон олимпийн тамирчдаа ингэж их дэмжиж байгаад маш их баяртай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top