Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн түүхт ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран цэргийн алба хаагчдын дунд энхийг сахиулагчдыг алдаршуулах “Хийморь өөдөө монгол цэрэг” тэмцээн, хөгжмийн зохиолчдын дунд жагсаалын дууны уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Хурд хүч, авхаалж самбаа, авьяас билэг, мэдлэг оюунаараа өрсөлдсөн “Хийморь өөдөө монгол цэрэг” тэмцээнд Зэвсэгт хүчний 7 анги, байгууллагын баг тамирчид оролцсоноос 2 дахь элитийн батальон гэгддэг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн “Хүчит шонхор” баг нэг, тусгай томилолтын батальон 084 дүгээр ангийн “Тэнгэрийн хөвгүүд” баг хоёр, Сургалтын нэгдсэн төв 311 дүгээр ангийн “Таван толгойн таван халуун” баг гурав, анхдагч элитийн батальон 150 дугаар ангийн “Энхийн элч” баг тусгай байрт тус тус шалгарсан юм.
Түүнчлэн жагсаалын дууны уралдаанд 50 гаруй хөгжмийн зохиолч, яруу найрагчид шүлгэн хүлэг, хөгжмийн аялгуугаа уралдуулснаас СТА, бэлтгэл хурандаа Г.Ганбатын үг, ЦДБЭЧ-ын хормейстр, дэслэгч О.Эрдэнэцогийн аялгуу “Дэлхийд данстай монгол цэрэг” дуу нэг, дууны яруу найргийн мастер, СГЗ Ч.Дагвадоржийн шүлэг, АЖ П.Хаянхярваагийн хөгжим “Дэлхийн цэрэг энхийг сахиулагчид” дуу хоёр, Н.Чулууны шүлэг, Ш.Өлзийбаярын хөгжим “Энхийг сахиулагч” дуу гурав дугаар байр эзэллээ. Тэргүүн байр эзлэсэн дууг Ардын жүжигчин Ө.Баярмагнай дуулсан бөгөөд энэ дуугаар удахгүй клип хийх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )