“Ялагдашгүй” киног гадны уран бүтээлчид сонгуулийн өмнө хийв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21

 

Сүүлийн үед МҮОНТВ-ээр гарч байгаа “Ялагдашгүй” гэх олон ангит киног хүмүүс сонирхож байна гэсэн сургаар хэдэн ангийг нь үзлээ. Ямартай ч манай сериал киноны өнгө төрх шинэ шатанд гарч байгааг хараад эхлээд бахархав. Өгүүлэмж үйл явдлын хувьд өнгөц харахад, бидэнд хэзээний танил солонгос хийцтэй мэт ч, цаанаа манай улсад нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн үнэн дүр төрхийг ямар нэг далд утга, мессэжээр харуулаад байх шиг.  Бас уг кинон дундуур ямар ч реклам сурталчилгаа гарахгүй байгаа нь, рекламан дундуур кино үзэх гэж үйлээ үздэг үзэгчдийг татах нэг арга нь шууд ойлгомжтой. Хальт харвал, уран бүтээлчид нь манайдаа л урдаа барьдаг зохиолч, найруулагч, залуу жүжигчид, сайхан бүсгүйчүүд байх юм.

Хоёр сарын хугацаанд  22 анги  хийсэн гэхэд, зарим нэг сүр дуулиантайгаар хоёр жил дуншсан уран сайхны кинонуудаас илт чанартай байх юм. Манай  телевизийн сериал  хийдэг  уран бүтээлчид хүртэл үүнийг нь хүлээн зөвшөөрөхийн сацуу, энэ киног гадаадын олон ангит киногоор дагнан мэргэшсэн, уран бүтээлч продюссерүүд хийж, монголчуудыг хөшигний наана өөрсдөө хийсэн мэтээр харагдуулж байгаа гэж шивнэлдэж байна. Уг киноны продюсер, зохиолч А.Арман нь үргэлж манай томчууд болон гадаадын том төслүүдийн захиалгаар, ард түмний тархийг угаадаг, далд пиарын мэргэшсэн технологич бүр докторын зэрэгтэй гэх. Хэрэв тийм бол энэ кино бас ард түмний тархийг угаах нэг зэвсэг үү? Харин аль намынх бол? Яагаад сонгуулийн өмнө энэ кино гарав гэсэн асуултын хариултыг л олох үлдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top