ХУД-ийн 15-р хорооны иргэд сэтгүүлчдэд хандлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

  Өнөөдөр ХУД-ийн иргэн С.Гантогоо, С.Хүдэртулга, Л.Бат, Т.Оюунгэрэл, Ш.Энхтуул, Ж.Цагаан нар сэтгүүлчдэд хандан хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

ХУД-ийн 15-р хорооны “Sky tower”, “Twin park” хоёр орон сууцны урд байрлах талбайд энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хорооллын дундах авто замын урд хэсгийн  явган зорчигчийн замыг оролцуулан барилгын газар ухжээ. Одоогийн байдлаар барилга угсралтын ажил хийгдэж эхлээд байгаа аж.

 Энэ газар 2003 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн засаг даргын 125 тоот захирамжийн “20дахь заалтад Нийслэлийн Хот байгуулалт хөрөнгө оруулалтын газарт ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ээрмэлийн үйлдвэрийн зүүн урд талд байрлуулан 0.34 га газрыг эзэмшүүлэх”-ээр эрх олгосон байна. 2008 онд НМХГ-аас 5 давхар барилга барихаар 162/2008 тоот барилга угсралтыг ажил эхлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг авсан байжээ. Үүнийг Нийслэлийн барилга хот, байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар эрх мэдлээ ашиглан “Мандах инвест” компанитай хуйвалдан төрийн албан хаагчдын нэрийг барин иргэд, оршин суугчдыг хохироосон явдал гарлаа гэж тэд мэдэгдлээ. Уг газар дээр таван давхар байр барих байсан. Гэтэл 16 давхар 285 айлын орон сууцны барилга барьж эхлээд байгаа юм байна.

Дээрх үйл ажиллагаа нь “Үндсэн хуульд заасан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах” гэсэн үндсэн эрх зөрчигдөж эхлээд байна. Мөн иргэний  хууль, газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гэлээ.

Тэд УМХГазруудад албан ёсоор ханджээ. Мэргэжлийн байгууллагууд шалгаад барилга угсралтын ажлыг зогсоох тухай, Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй тул техникийн нөхцөл олгох боломжгүй гэсэн шийдвэрүүд гарч хууль бус үйл ажиллагаа болох нь нотлогдсон акт гарсан байна. Харин “Мандах инвест”компани үйл ажиллагаагаа зогсоохгүй шөнийн цагаар ажиллах болсон байна.  Оршин суугчид энэ хууль бус ажлаа зогсоохыг шаардлаа.

Х. Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top