Хүүхдийн баяраар болох тоглолтууд

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

Зургаадугаар сарын нэгэн бол Олон улсын хүүхдийн эрхийн өдөр бөгөөд энэ өдөр хүүхэд багачуудаа баярлуулдаг билээ. Тэгвэл хүүхэд багачуудын жил болгон хүсэн хүлээдэг энэ өдөр олон арга хэмжээ зохиогдох аж. Үүнд хошин урлагийн “Шинэ үе” продакшн хүүхэд багачууддаа зориулан дуулалт жүжиг тоглох гэж байна. “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр олонд танигдсан жүжигчин Л.Лхасүрэнгийн “Сарыг нуусан шөнө” зохиолоос сэдэвлэсэн “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийг тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 1-нийг хүртэл СТӨ-нд тоглоно. Тоглолт үзсэн нийт хүүхдүүдэд жүжигт гарч буй амьтны дүрс бүхий бэлэг өгөх гэнэ.

Мөн Монголын рок, поп урлагийн хамгийн залуу хамтлагийн нэг болох “Good boys” хамтлаг энэ өдөр тоглолтоо хийх юм. Тэд хоёр дахь бие даасан тоглолтоо “UB Palace”-ийн задгай талбайд хийхээр болжээ. “Эх дэлхийгээ хайрлая” нэртэй уг тоглолтод гавьяат жүжигчин Ч.Насантогтох, дуучин Нара, “ТВ Коктэйл” хамтлаг болон бүжгийн “Арга билэг” хамтлаг оролцоно. Тус тоглолтын сюрприз нь үзэгчдээс гурван хүүхдийг азтанаар тодруулан Бээжин хотоор аялах эрхийн бичгээр шагнах юм.

Түүнчлэн энэ баяраар “Монгол эгшиглэн” хүүхдийн хамтлаг үеийнхнээ баярлуулна. “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” уриатай тоглолтод урилгаар язгуур урлагийн “Домог”, Дархан хотын “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон ДБЭТ-ын найрал дуучид оролцох ажээ. Уг тоглолтын орлогыг Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төвийн Мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хандивлах юм.

Жил бүрийн энэ өдөр “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас санаачлан 1000 хүүхдийн баяр тэмдэглэдэг билээ. Тэд уламжлалт баяраа энэ сарын 30-нд “Найрамдал” олон улсын хүүхдийн төвд хийхээр болсон байна. Энэ үйл ажиллагааны үеэр 21 аймгаас ирсэн 250 хүүхдийг баярлуулахаас гадна “Хүүхэд насаа хайрлая” уриан дор хүүхдийн эрхийн талаар зөвлөлдөх гэнэ.

Мөн дуучин Ж.Алтанцэцэг Монголын хүүхдийн ордны дууны багш С.Ганчимэгийн шавь нартай хамтран “Ногоон орчин бидний ирээдүй” нэртэй тоглолтоо хийх юм. Дуучин Ж.Алтанцэцэг өнгөрсөн жилийн тоглолтынхоо орлогыг Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төвд хандивласан. Харин энэ жил хүүхдийн төлөө илүү дорвитой, буяны үйлс хийх төсөл хэрэгжүүлж, хүүхдийн сувилал байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top