Цагдаагийн дарга нарын дуулианы эргэн тойронд

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24


Том гарчиг........?

Нэр бүхий цагдаагийн дарга нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов тун удахгүй гарах гэж байгаа талаар ойрын эх сурвалж ам алдав. Энэ сард багтааж шүүх хурлыг хуралдуулж, толгойны өвчин болсон олон хэл амны нэгээс нь ч болов салж “яс амрах”-аар улайрч байгаа шүүхийнхэний үйлдэл, мөн Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчийн “орж гарсан” яриа Цагдаагийн дарга нарт холбогдох хэрэг гэгчийг ямар ч хамаагүй байдлаар таслахаар улайрч байгааг илтгэх боллоо гэхэд үнэнээс хол зөрөхгүй нь. Юутай ч энэ хэргийн эргэн тойронд юу болоод байгааг сэтгүүлчийн эрх мэдлийн хүрээнд багагүй хөөцөлдөж сурвалжилсанаа уншигчиддаа хүргэе.

Хууль сахиулагч өөрөө хууль зөрчиж болно гэж үү

“Шүүгдэгч дарга нарт өмгөөлөгч томилчихож”. Энэ өгүүлбэрийг хашилтад хийсний учир нь уг томилгоо нь өөрөө хууль зөрчиж байгаад юм. Харин хууль зөрчсөн томилгоог гаргасан хууль сахиулагч энэ талаар анзаараагүй, эсвэл мэдсэн ч мэдэн будилсан байж болох талтай учраас өөрийн эрхгүй ийнхүү хашилтад хийсэн билээ. Ингээд хаана, хэн хууль зөрчөөд байгааг нэг бүрчлэн дурдахаас илүү болсон процессыг дурдах нь зүйтэй юм.

2012 оны 05 дугаар сарын 17-нд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс шүүгдэгч Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг өмгөөлүүлэхээр өмгөөлөгч томилсон байна. Тус зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батсүхийн нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан албан бичигт “Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн ... өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хамаарч байгаа” гэдэг үндэслэлээр нэр бүхий шүүгдэгчид өмгөөлөгч томилох эрхийг өөрт нь олгосон. Энэ эрхийн дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 тоот шийдвэрийг үндэслэн шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батзоригт, О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилсон тушаалыг хүргүүлэв” хэмээн цагаан дээр хараар бүр албан бланк дээр бичсэн байв.

Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “... шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг шүүх хангах бөгөөд шүүгдэгчид өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй...” гэсэн байдаг. Энэ талаар Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр заалтад “шүүгдэгч болон шүүхээр эрхээ хамгаалуулж байгаа аливаа этгээд өмгөөлөгчөө чөлөөтэй сонгон авах эрхтэй”, Өмгөөллийн тухай хуулийн 3 дугаар зүйлд өмгөөлөгчөө сонгох, 13.1-д хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлчид шууд хандаж хэлцэл хийх буюу .... нийслэлийн салбар зөвлөлд хүсэлт гаргана. .... Нийслэлийн салбар зөвлөл нь мэргэжлийн өмгөөлөгчийн нэр, хаягийн лавлагааг өгөх үүрэгтэй” гэсэн байдаг.

Эндээс үзэхэд, цагаан дээр хараар бичиж, багагүй хугацаанд мөрдөгдөж байгаа хуульд эндэгдэл гарна гэж байхгүй нь ойлгомжтой. Харин өөрөө хууль сахиулагчдын эгнээнд байгаа хэдий ч “өөрийн эрхгүй алдаа гаргасан” байж болох магадлал өндөр байгааг Нийслэлийн өмгөөлчдийн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батсүх эрх биш мэдэж байгаа хэмээн найдая. Нөгөө талаар ядарснаа дээрэлхдэг ямаа хүн хоёрын зан энд тодхон харагдаж байх шиг. Монголчууд эртнээс бүдэрсэн дээр нь нудрах хэрэггүй гэдэгсэн уг нь...

Шүүгч нь хүртэл хүлээн зөвшөөрсөн алдааг хэн гаргав?

Өмгөөлөгч болгон татгалзах шүүгдэгчдийг өрөвдөх ёстой ч юм шиг. Гэтэл шүүхээс заавал яллах гэж дайраад, энэ хэрэг газар авсаар бүр Ерөнхийлөгчийн анхааралд орж, энэ талаар “дээрээс үүрэг өгөөд байна” гэдэг халаглалыг прокурорын амнаас өөрийн эрхгүй унахад хүргэж байгааг нь харахаар “ажил хийсэн хүн арван тамтай” гэдэг үг өөрийн эрхгүй санагдах болов.  2012 оны 04 дүгээр сарын 18-нд Монголын өмгөөлөгчдийн холбооноос нэгэн гомдолд хариу өгсөн байна. Уг гомдолд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Энхдалайгийн шийдвэрээр шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгчөөр томилогдсон Б.Батхуягийн өмгөөлөгчөөр томилогдсон тогтоолыг хүчингүй болгосноо мэдэгдсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны дарга Б.Пүрэвнямын гарын үсэгтэй баримт олдов, надад.

Өмгөөлөгч Б.Батхуягийн хувьд Ч.Амарболдыг өмгөөлөхөөр томилогдсон анхны, харин өмгөөлөгч нь албан ёсоор өмгөөлөхөөр татгалзсанаас хойш томилогдсон хоёр дахь өмгөөлөгч нь. Үүнээс хойш сар хүрэхгүйн хугацаанд хууль, хошууч генерал энэ эрхэмд холбогдох хэргийг өмгөөлүүлэхээр таван өмгөөлөгчийг томилсон нь сүүлийн үед болсон болоогүй зүйлээс геннисийн номд орохыг хүсэгчдийг “хол хаясан” тасархай түрүүлэлт болж мэдэхээр болов.  Бас л нэг эмгэнэл энэ биш гэж үү. Нэгэн цагт цагдаагийн байгууллага хэмээх нүсэр аппаратыг мөрөн дээрээ үүрч, цаг нар гэр бүлээ мартаж зүтгэж байсан цагдаагийн байгууллагын дарга нар өнөөдөр хуулийг гууль болгосон хэсэг бусагчуудад адлагдаж, ядаж л хуульд олгосон эрхээ эдэлж чадахгүй хязгаарлалтад орж байгааг цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжны хоол болж байгаа нь энэ хэмээн эмгэнэмээр санагдах. Учир нь эдгээр дарга нарт холбогдох хэргийг өмгөөлүүлэхээр Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс томилгоо гаргахдаа “бид хуулийн дагуу хангалттай судалж, ажлын туршлагатай өмгөөлөгчдөө сонгосон” хэмээн мэдэгдсэн. Гэтэл уг зөвлөлөөс томилсон өмгөөлөгчдийн дунд Эрүүгийн хэрэг огт өмгөөлж байгаагүй, зөвхөн иргэний болон захиргааны хэргийн өмгөөлөгч, мөн биеэ эмчлүүлэх шаардлагатай, эрүүл мэндийн чөлөөтэй, эрүүгийн хэрэг өмгөөлөх хангалттай туршлага байхгүй хэмээн өөрийгөө тодорхойлсон өмгөөлөгчид байгаа нь Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл уг шийдвэрийг гаргахдаа “хонины ээлж” өнгөрөөх маягаар асуудалд хандсан хэмээн үзэж болохоор байгаа юм.

Үүнийг бичигч миний бие цагдаагийн нэр бүхий тэдгээр дарга нарыг мэдэхгүй. Мөн хамтарч ажиллаж ч байсангүй. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлыг хараад, мөн энэ чиглэлд, тодруулбал, эрэн сурвалжлах, хууль эрх зүйн чиглэлд багагүй хугацаанд ажиллаж байгаагийн хувьд уг асуудал хэрээс хэтэрч байгааг мэдрэх болов. Учир нь нэг сарын хугацаанд нэг шүүгдэгчид долоон удаа долоон өмгөөлөгч томилдог шүүх зөвхөн Монгол Улсад л байна. Шүүгч нь хүртэл өөрөө эргэлзэж, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл хууль зөрчөөд байна гэсэн байр суурьтай байхад хуульч мэргэжилтэй цагдаагийн байгууллагад 20-иос дээш жил ажилласан мэргэжлийн хуульчид өөрсдийн эрхийг хамгаалах, сануулах, мөн туслах болов уу гэсэндээ байгууллагадаа хандах нь зүйн хэрэг. Нэг сарын хугацаанд долоон өмгөөлөгчийн “царай харсан” шүүгдэгч Ч.Амарболдын хувьд байдал тийм ч амар байгаагүй нь лавтай. Ядаж нэг өмгөөлөгчөөс нь ч болов тэрбээр өөрөө татгалзсан  бол магадгүй түүнд илүү амар байж болох. Гэтэл өөрийн нь хүсэлтээр өмгөөлж байсан өмгөөлөгч нь үйлчлэхээс татгалзаж, хууль зөрчиж томилсон өмгөөлөгчид нь дараалан өмгөөлөхөөс татгалзаж байгаа нь энэ хэргийн хувь заяа өмгөөлөгч гэдэг “мануухай”-тай байсан ч  эс байсан ч шийдвэрлэгдэх нь тодорхой улс төрийн золиос гэдгийг олон үггүйгээр харуулж байгаа хэрэг гэхэд хатуудахгүй.

Үүнийг Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярын 2012 оны 05 дугаар сарын 23-нд Өдрийн шуудан сонинд өгсөн ярилцлага ч мөн харуулж байгаа юм. Тэрбээр, тус сонины сэтгүүлчийн асуултад “Манай зүгээс дарамт шахалт үзүүлж өмгөөлөгчдийг томилуулсан зүйл байхгүй. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын шийдвэрээр цагдаагийн дарга нарт өмгөөлөгч томилсон. Эхлээд томилогдсон өмгөөлөгчдийг хууль бусаар томилсон гээд шийдвэрийг цуцалж байсан...” мөн “Өнөөдрийг хүртэл томилсон өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй байна. ... Ж.Батзоригт, Д.Даваа нар нь энэ хэргийг хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан учир эргээд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж болохгүй. Учир нь ашиг сонирхлын зөрчил, хохирогчдын харилцаа, хавтаст хэргийн матергиал, өмгөөллийн нууц гэдэг утгаар оролцож болохгүй”, түүнчлэн “өмгөөлөгч шүүх аль нь ч хууль зөрчөөгүй. Ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй...” хэмээн өгүүлсэн байна. Шүүх хурлаар хэргийг хэрхэн шийдвэрлэх бол гэсэн сэтгүүлчийн асуултад “...Ямар ч байсан нэг тийшээ болох нь тодорхой, улсын яллагч нь ял өгөөд эдлүүлчих сонирхолтой байх ч шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл ногдуулах болов уу гэж бодож байгаа ч юм билүү, хэн мэдлээ” хэмээсэн дөрвөлжин хариултыг өгсөн байгаа зэргийг дурдахад хангалттай юм.

Шүүгдэгчид, өмгөөлөгчдийн гаргасан хүсэлт адилхан...

Шүүгдэгчид нь томилгоог цуцлуулах хүсэлт гаргаж, өмгөөлөгчид нь шүүгдэгчдээс татгалзсан долоо хоног үргэлжилж байгаа, нийслэлд. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд гаргасан томилгоогоо цуцлах хүсэлт Ч.Амарболд, О.Зоригт нар гаргасан байв. Ч.Амарболд, О.Зоригт нарын гаргасан хүсэлт нэгэн утгатай байгаа учраас нэг л хүсэлтийг нь энд орууллаа. Уг хүсэлтэд “ О.Зоригт намайг ямар нэгэн хүсэлт гаргаагүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заагдсан нөхцөлд хамрагдахгүй байхад өмгөөлөгч А.Ундрахыг надад холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр томилсон талаар 2012 оны 05 дугаар сарын 17-ны 14.00 цагт өмгөөлөгч А.Ундрахаас мэдлээ. Миний хувьд өөрийн хууль ёсны эрх, арх ашгаа хамгаалуулах өмгөөлөгчөө сонгон авах хүсэлтэй. Одоогийн байдлаар гурван өмгөөлөгчтэй уулзсаны хоёр нь энэ хэрэгт оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Харин нэг нь надтай эргэж уулзахаар болоод явсан. Би хуульд заасан эрхийн дагуу өөрийн хэргийг өмгөөлүүлэх өмгөөлөгчөө сонгоно. Тиймээс хуулийн үндэслэлгүйгээр томилсон өмгөөлөгч А.Ундралыг томилсон шийдвэрийг цуцалж өгнө үү” гэсэн байв.

Үүнтэй зэрэгцэн өмгөөлөгч А.Ундрал Нийслэлийн зөвлөлд мөн өргөдөл гаргасан байна. Уг хүсэлтэд “2012 оны 05 дугаар сарын 17-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс утсаар холбогдож  намайг ирж уулзахыг хүссэнээр очиж, намайг О.Зоригтын өмгөөлөгчөөр томилсоныг мэдлээ. О.Зоригт нь  Монголын өмгөөлөгчийн холбоонд өөртөө өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргаагүй, мөн өмгөөллийн төлбөрийн чадвартай, одоогийн байдлаар гурван ч өмгөөлөгчтэй биечилж уулзсан. Хамгийн гол нь О.Зоригтын Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхийг хүндэтгэж, Нийслэлийн өмгөөлөгчийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг цуцалж өгнө үү” гэсэн байв.

Ийм л хүсэлтэд дарагдсан Монголын өмгөөлөгчдийн холбоо, мөн эргэлзээнд орсон ч даруй шийдвэрлэхийг шаардсан улс төрийн дарамтанд орсон шүүх, улс төрийн бохир тогоонд өөрийн мэдэлгүй хумигдан орж, ялз чанагдаж байгаа цагдаагийн дарга нарт холбогдох хэрэг хэмээн гурван цөм өнөөдөр олны анхаарлыг өөрийн эрхгүй татсаар л байгааг юу гэх вэ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top