МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцсон бол хяналтын прокуророор Е.Сагсай, Г.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Шинэн, Г.Ганбаатар нар оролцов. Хуралдаанд яллагдагч Н.Энхбаяр хүрэлцэн ирээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 4-ний өдрийг хүртэл хойшилсон юм. Хурал хойшилсон талаар Н.Энхбаярын өмгөөлөгч Н.Шинэнгээс тодруулга авлаа.
- Яагаад үйлчлүүлэгчийнхээ хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргав?
- Шүүгдэгч шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа нь эмнэлгийн байгууллагаар нотлогдсон бол хэргийг түдгэлзүүлж болно гээд хуулинд заачихсан байгаа. Энэ үндэслэлээр бид шүүхэд хүсэлтийг гаргасан. Бидний хүсэлтийг хангах боломж байхгүй гэж шүүх үзсэн. Нэгэнт шүүхээс гаргаж байгаа тогтоолыг бид хүндэтгэн үзнэ. Тиймээс ирэх сарын 4-нд болох шүүх хуралдаанд бид оролцоно.
- УИХ-ын гишүүн Х.Наранхүүг гэрчээр татаж байгаа гэсэн үнэн үү?
- УИХ-ын гишүүн Х.Наранхүүг шүүх хуралдаанд оролцуулах саналыг хэргийн шүүгдэгч До.Чулуунбаатарын өмгөөлөгч н.Баваржаан тавьсан. Тодорхой шалтгаанаар энэ хэрэгт гэрчээр оролцуулахыг хүсч байгаа байх. Г.Наранхүү өөр мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож байгаа учраас гэрчээр ирэх боломжгүй байгаа.
- 10 хоногийн хугацаанд дахин хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжих болов уу?
- Амжина. Бид АТГ, прокурор, шүүх гээд гурван байгууллага дээр хавтаст хэргээ уншсан. Өчигдрийн байдлаар эхний уншилтаа дууссан. Гол асуудал нь энэ олон хуудас хэргийн материалтай нарийвчилж танилцах л шаардлагатай байгаа юм. Хуулийн байгууллага бидэнд хэрэгтэй танилцах боломжийг хангалттай өгсөн гэж бодож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан болохоор бидний хувьд санал хүсэлтээ гаргах боломжоо алдаж байна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Н.Энхбаяр II эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайжраагүй гэж эх сурвалж мэдээллээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )
шинэн надруу ярь 9905925