Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

2012 оныг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласнаар хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй олгохоор болсон. Гэвч он гараад хагас жил болж байхад зээл хүсэгчид зээлд хамрагдаж эхлээгүй байна. Учир нь Сангийн яамнаас санхүүжилт ороогүй тул аймаг, сум, дүүргүүдэд зээлд хамрагдах гэсэн төслүүд хуримтлагдсан аж. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамгийн том асуудал бол санхүү байдаг. Ялангуяа улирлын шинж чанартай газар, тариалан эрхлэгчид зээл хүлээсээр энэ жилийн тухайд ургацаа суулгаж чадалгүй өнгөрөх нь бололтой. Уг нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн дийлэнх нь газар тариалан эрхэлдэг. Одоогоор ямар шалтгааны улмаас зээлийн санхүүжилт орж ирэхгүй байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иргэд зээлийн тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, жижиг дунд үйлдвэрлэлийн газарт хандаж байгаа ч Сангийн яамнаас санхүүжилт ороогүй тул төслүүдтэй танилцаж, ямар нэгэн хариу өгч чадахгүй байгаа гэв.

Жилд дунджаар 30 тэрбум төгрөгийн зээл төсөвлөгдөхөд 900 тэрбум төгрөгийн хүсэлт ирдэг.  Үүнээс зээл хүсэгчдийн 4-5 хувь нь зээлээ авдаг гэсэн үг. Энэ нь зээл олголт хүртээмж муутай байгааг харуулж байна. Холбогдох албаны хүмүүс зээл хүссэн төсөл болгонд олгох боломжгүйг санууллаа. Учир нь төслүүд дотор бие биетэйгээ адилхан бөгөөд муу төсөл олон байдаг. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд зээл авсан иргэдийн эргэн төлөлт бараг 100 хувьтай байсан. Иймд арилжааны банкууд жижиг зээлдэгчдэд итгэж болохыг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top