Рецензи: ТВ-ийн хамгийн хамгийн доод түвшний үзэгч бол гэрийн эзэгтэй нар

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

By Slava

Та бидний амьдралд өдөр бүр урилгагүйгаар ирдэг зочин бол Телевиз. Бид түүнээс өөрсдийн сонирхсон төрөл бүрийн мэдээллийг ямарч саадгүйгээр сонгон үзэх боломжтой. Ингэхдээ чухам юуны талаар мэдээлэл авах, тэрхүү зүйлийг өөрийн бодлоор дүгнэж цэгнэхдээ харилцан адилгүй байдаг. Энэ нь олон үзэл санаатай холбоотой гэх үү дээ. Тэгвэл эрхэм та доорх үзэл санааны болон үзэгчийн байр суурины ангиллаас өөрийгөө ямар үзэгч болохоо мэдэж болох юм.

 

Урлагийн гоо сайхныг бишрэгч

Энэ бол их урлагийг сонирхон дурлагч хүн. Өдгөө алдарт Федирико Феллини, Олегь Тарковский, Бергман гарын бүтээлийг зөвхөн кино урлагийн наадам эсвэл кино театрын дэлгэцнээс үздэг цаг үе өнгөрчээ. Бараг өдөр болгон сонирхохгүй өнгөрөмгүй кино урлагийн сод бүтээлийг бид гадаадын гэлтгүй Монголын телевизийн сувгуудаар хүлээн авч үзэх болсон. Хэдийгээр тэдгээр бүтээлийг өргөн дэлгэцээр үзэх сонирхол байвч телевизийн дэлгэцээр гарахад нь шимтэн үзэх дуртай. Цаг хугацаа, мөнгөнд хэмнэлттэйдээ ч тэр байх. Тэгээд ч хэн тэр хүйтэнд “Тэнгис”-ийг зорин гүйж байхав дээ. Ямар ч хүн зурагтын мэдээг худалдан авангуутаа л хамгийн түрүүнд аль суваг дээр хаанахын ямар кино гарах вэ гэдгийг сайтар харж авдаг. Ингээд жинхэнэ кино урлагийг шүтэн бишрэгч маань киногоо үзэх “бэлтгэлээ” хийж эхэлнэ. Тухайн цагт ажил ихтэй байвал гэртээ ирээд эхнэрээ хоол хийхэд нь урд хойно нь гаран туслаж долгиноно, дараа нь хүүхдээ авч байхыг аятайхан гуйх гэх мэтээр зохицуулна. Өөрөөр хэлбэл нөгөө талаасаа өөрийгөө сэтгэл санаа, нөхцөл бололцооны хувьд бэлдэж бүр цаашлаад уг кинотой холбоотой мэдээллийг цуглуулж, мэргэжлийн болон ойр дотны найз нөхдөөсөө санал бодлыг нь авдаг. Ингээд киногоо үзсэний дараа хэсэгтээ л үйл явдлыг бодол болон эрэгцүүлж, дүн шинжилгээ хийн, тэр ч байтугай тэмдэглэл ч хөтөлдөг.

 

Галзуу шүтэн бишрэгч

Эд бол бидний хэлж заншсанаар “улаан фэн”… Тэд зурагтаар гардаг хүн болгоныг сайн мэддэг. Найруулагч, хөтлөгч болон кино жүжигчдийн нэр болон хэн нь хиймэл үстэй, бөөрөнхий хэлтэй, мэдлэг тааруу, царайны зохион байгуулалт муу, хэн нь хэний эхнэр нөхөр, хэн хэнээсээ хүүхэдтэй болсон, бүр хэн хэзээ өвдсөн, ажлаасаа халагдсан гээд л... Тэдний хувьд телевиз нь зүгээр нэг нэвтрүүлэг, уран сайхны кино гаргагч биш нийгэм соёлын үзэгдэл гэх үүднээсээ асар их  сонирхлыг нь төрүүлдэг. Галзуу шүтэн бишрэгчид өөрөө дэлгэцийн од болохыг нууцхан сэтгэлдээ мөрөөдөж явдаг нь ч үүнтэй холбоотой. Үнэхээр ч тэдний дундаас кино шүүмжлэгч,  урлаг судлаач, тоймч, эсвэл зар сурталчилгааны ажилтан төрдөг нь цөөнгүй. Ийм амжилтанд хүрч чадахгүй ч насаараа тасалбар түгээгч хийгээд “би шоу бизнесийн салбарт хүчин зүтгэж байна” хэмээн бодогчид ч байдаг.

 

“Ухаантан”

Тэд зурагтын тухай дур гутсан маягтай ихэмсгээр ярвайж ирээд л “би хэзээ ч түүнийг чинь үздэггүй” гэж худлаа ярих дуртай. Гэхдээ бид тэдэнд олон нийтийн талаарх үзэл бодол, байр суурь нь явуургүй болохыг зоригтой хэлэх хэрэгтэй. Ингэж хуурамч дүр эсгэдэг ч гэсэн ухаантнууд зурагтыг мэдээллийн үнэт эх сурвалж хэмээн үзэж түүнээс өөрт хэрэгтэй мэдээллээ байнга авдаг нь нууц биш. Заримдаа тэд ухаангүй гэмээр тулаан, галзуу гэх порно бүтээлийг ч бусдаас далдуур үздэг. Мөн зарим нэгэн тэнэг цуврал, огт инээд хүрэмгүй муухан хийгдсэн хошин шогийнхны өмнө бууж өгөх тохиолдол ч байдаг. Түүнчлэн тэднийг яг тийм зүйл сонирхдог гэж хэлэхэд хэцүү. Зурагтын өмнө суусан үедээ сувгуудыг галзуурмаар олон сольж ойлгомжгүй маягаар мэдээллийг авахыг хичээдэг. Ийм төрлийн хүмүүс нь янз бүрийн асуулт хариултын тэмцээнд оролцож буй өөр шигээ ухаантнуудын мэдлэг болон ухаалаг байдлыг үзэх дуртай бөгөөд ингэхдээ тухайн оролцогчоос түрүүлж зөв хариулан өөрийгөө мундаг амьтан болгон өөртөө болон өрөөлд харуулахыг хичээдэг. Яг энэ байдлыг сонирхох аваас та МҮОНТ-ээр явагддаг “А.Х.А” –гийн үеэр ийм хүний хажууд нэг суугаад үзээрэй. Ихэвчлэн тухайн болхи болсон нэвтрүүлэг киног муу гэдгийг нь мэдсэн мөртлөө үзэж дууссаныхаа дараа тийм ч улс орон, хүний амьдралын талаар мэдээгүйгээ мэдэж авлаа хэмээн ичсэн тайлбарыг хийдэг, тэр “ухаантнууд”.

 

Ажил хэрэгч хүн

Өөрийн амьдрал, сэтгэл зүрхийг ажил хэргийнхээ төлөө зориулдаг хүн зурагт тун бага үздэг бөгөөд тэд зөвхөн мэдээллийн болон спортын хөтөлбөрийг л сонгодог. Ер нь мэдээллийн хөтөлбөрийг үздэг байх нь улс орон хийгээд дэлхий ертөнцөд болж буй үйл явдлын талаар мэдлэг хуримтлуулж, шаардлагатай үед ашиглах үүднээс тархиа мэдээллээр зэвсэглэдэг гэсэн үг. Наад захын нэгэн тэнэглэлийг энд дурьдвал, Америкийн Ерөнхийлөгчийг манай оронд ирсэн үеэр нэгэн телевизийн сувгаар хачирхалтай зүйл гарчээ. “Өнөөдөр манай улс оронд ямар үйл явдал болж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд нэгэн ганган бүсгүй “Би сайн мэдэхгүй байна, мэдээ үзэх дургүй л дээ” гэж хариулсан нь харамсалтай. Бас ажил хэрэгч хүний сонирхлыг тэмцэлтэй, өрсөлдөөнтэй нэвтрүүлгүүд татдаг. Ийм төрлийн кино ч сонирхол төрүүлнэ. Яагаад гэхээр ийм үзэгч даргынхаа дарамт эсвэл өрсөлдөгчийнхөө хорон санаа, тэдэнд бухимдсан уур омгоо үүгээр дарж, түүнээс туршлага хуримтлуулах дуртай байдаг. Энэ ч утгаараа ажил хэрэгч үзэгчид дарга болон түншийнхээ үзэх дуртай зүйлийг заавал үзэх гээд байдаг.

Бэртэгчин

Зурагтаар гарч байгаа бүх л зүйлийг үздэг. Гэртээ ирэнгүүтээ зурагтаа асааж, унтахдаа унтраадаг. Нэвтрүүлгийн болон киноны агуулгыг төдийлөн анхаардаггүй, ердөө л зурагт гарч байна гэдэг нь өөрийн баргар, гунигтай бодлоосоо ангижрахын тулд юм уу, эсвэл толгойд нь юу ч орохгүй бол ямар нэг өдөөлт бий болгохын тулд л телевиз үздэг. Чухамдаа тэд зурагтаар юу ярьж , юу үзүүлж байгаад анхаарлаа төвлөрүүлэх дургүй. Зурагтын нэвтрүүлгүүд бүгд л түүний хувьд амьдралын бусад бүх асуудлуудын адил уцаарыг нь хүргэдэг. Тиймээс тэрээр залхтал давтагддаг реклам сурталчилгааг харааж зүхэн үзэх дуртай. Ийм үзэгчийн анхаарал нь байнга сарниж байдаг тул тухайн өгүүлэмжийг төдий л сайн ойлгодоггүй.  Тэрбээр аливаа муу муухай, бараан мэдээлэл, хүчирхийллийг хүлээн авахдаа сайн. Зурагтаа үзэж байх үедээ харааж зүхэх, уурлаж хашгирах зэрэг үйлдэл ч хийдэг. Хамгийн аймшигтай нь бэртэгчин үзэгчид зурагтдаа муухай зангаа хүнтэй харьцах үедээ гаргадаг болчихдог. Хэрвээ хоёр ийм хүн таарвал бие биетэйгээ ихэд найрсаг харьцдаг. Хөндлөнгөөс харахад хоёр телевиз өөдөөс нь харуулаад тавьсан мэт болдог. Ийм төрөлд багтах үзэгч та бидний дунд багагүй байгаа болов уу. Ялангуяа амьдралын энэ хүнд хэцүү бухимдлын үед алжаал тайлахаасаа илүү стресст орох бүх орчин бидний эргэн тойронд байна.

 

Техникийн сэтгэхүйтэн

Түүний сонирхлыг техник технологийн хүчин чадал, давуу боломж илүүтэй татдаг бөгөөд хэрвээ тэд хөгжим сонсож байвал түүний чадал, үелзэл, давтамж болон бусад хэмжээнүүдийг л бодож байдаг. Харамсалтай нь энгийн нэгэн зурагт түүний хэрэгцээг хангаж чаддаггүй. Чухам ийм хүмүүсийн хүсэл сонирхлыг хангахын тулд хагас дэлгэцтэй зурагт, эзнээ даган хөдөлдөг дэлгэц гээд бусад олон гайхамшиг зурагтанд бий болсон. Ийм үзэгчийн хувьд тухайн нэвтрүүлгийн компьютер график, эффект зэрэг мэргэжлийн чадварыг илүү сонирхдог. Гэвч эдгээрээс түүний санаанд нийцэх зүйл тун ховор. Тэд өөрсдийгөө хамгийн шилдгийн нэг үздэг болохоор ч тэр байх. Түүнд гайхамшигтай сайхан санаа биш харин гайхалтай технологи л хэрэгтэй.

 

Ухаалаг үзэгч

Энэ төрөлд хамрах үзэгч нь өөрт хэрэгтэй гэсэн нэвтрүүлгээ сонгон үзэж, түүнээс олж авсан мэдээллээ найз нөхөд ойр тойрныхонтойгоо хуваалцдаг. Урьд өмнө нь манайд ухаалаг уншигч гэж байсан бол одоо ухаалаг үзэгч олон болсон. Тэд зурагтаас улс төр, нийгэм, шашны талаар хэрэгтэй мэдээллээ олж авчихаад түүндээ захиа бичих нь элбэг байдаг. Түүндээ “… нэвтрүүлэг тун сайн боллоо. Нэвтрүүлэгт оролцсон хүн чинь үнэхээр ухаалаг хүн байна…” хэмээн өгүүлдэг. Ийм үзэгчдийг телевизийнхэн төгс төгөлдөр үзэгч гэж үзээд тэдэнтэй чалчих дуртай байдаг ажээ.

 

Гэрийн эзэгтэй

Тэд бол мэдээж болсон болоогүй элдвийн цувралуудыг хамж үзэгчид. Дуртай цувралууд дээр нь гарч байгаа гоё сайхан амьдралыг өөрийн хоёр дахь амьдрал шигээ болгочихсон хүмүүс. Нөгөө хэдэн солонгос жүжигчидтэйгээ бараг ах дүү, авгай нөхөр мэт болчихсон байдаг. Тэдний өмнөөс зовж шаналж, уйлж унжих нь энүүхэнд. Энэ үзэгчид гол төлөв боловсрол багатай, гэрээс хаашаа ч гарч үзээгүй хатагтай нар юм. Тэдэнд киногоо үзэхгүй байх нь нөхрөөсөө салахаас ч илүүтэй зовлон шаналал болдог. Бусдыг энэ чиглэлд уруу татах сонирхол ихтэй. Дуртай кино, нэвтрүүлгээ үзэж байх үед дэлхий дээр атомын бөмбөг хаях юман чинээ тоохгүй байж чадах л байх. Гэхдээ цувралууд дээр нь амьдралын бодит байдал нэлээдгүй хувийг эзэлж байдаг тул эрхэм эзэгтэй та үз, үз. Гэхдээ пийшиндээ хийсэн бялуугаа авахаа мартав аа.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top