Гурван хэсэгтэй, гурван найруулагчтай ”19” нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 26

Өнөөдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ 17.00 цагт “19” нэртэй уран сайхны кино нээлтээ хийнэ. Тус киног Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ гурван хэсэг болгон бүтээжээ. “19” киноны зохиолыг Төрийн шагналт, сэтгүүлч Б.Цэнддоо, ерөнхий продюсераар ТШ нэрт нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг ТШ, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичсэн бол найруулагчаар УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч О.Нямгаваа  нар ажиллажээ.

Киноны хэсэг тус бүрт нэг дүрийг өөр өөр жүжигчид бүтээжээ. Кино багийнхан энэхүү бүтээлд олны танил жүжигчдийг сонгоогүй нь цаашид хөгжиж буй энэ салбарт шинэ нүүр царай  гаргахыг зорьсонтой нь холбоотой гэнэ. Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар тогложээ. Энэ хэсэгт хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч О.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Одоо ганцхан үзэгчид яаж хүлээж авахыг уран бүтээлчид маань хүлээж суугаа гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top