Малайзын улстөрчид улсынхаа батлан хамгаалахын хэрэгцээнд Франц, Испаниас тус бүр 850 сая ам.долларын хоёр усанд шумбагч онгоц авахдаа авлигын хэрэгт холбогдсон. Үүнтэй холбоотойгоор Малайзад хэрцгийгээр амиа алдсан манай улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг Францын шүүх сэргээсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад “Францад болж буй шүүх хурал Ш.Алтантуяагийн хэрэгт огт хамаагүй. Харамсалтай нь энэ хэргийн шүүх хурал хойшилж, шийдэгдэхгүй өдийг хүрлээ. Ш.Алтантуяагийн хэрэг дээр сайдын тушаалаар ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг Малайз руу энэ сард явах байсан ч Малайзын тал наймдугаар сар хүртэл хойшлуулах санал тавьсан” гэлээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )