Өчигдөр Сүхбаатарын талбайд Монгол Улс, Монголын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож эхлэсний түүхт 10 жилийн ойд зориулсан өдөрлөг боллоо. Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх энэ ёслолыг нээж Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол цэрэг энхийн үйлсэд оролцсон нь түүхэнд алтан үсгээр бичих маш чухал үйл явдал. Монгол цэрэг 2003 оноос Цэргийн багаар ажиллагаанд оролцож эхлэсэн бөгөөд энэ оноос Өмнөд Суданд 850 дайчин илгээж бүхэл бүтэн секторын аюулгүй байдлыг хариуцах гэж байна. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивлагч, тэргүүлэн оролцогч ТОП-20 орны тоонд орж буй нь бахархалтай сайхан үйлс” хэмээн онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энхийг сахиулагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Бас энхийг сахиулагчид Ерөнхийлөгчдөө дурсгалын зүйл гардуулсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу энхийг сахиулагчдад баяр хүргэж үг хэлэв. Африкийн орнууд, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн дайчдад Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Африкт энхийн төлөө”, “Афганистанд энхийн төлөө” дурсгалын медалиудыг гардуулан өгөв. Зэвсэгт хүчний 150, 084-р ангийн Энхийг сахиулагчид гардан тулаан, энхийг дэмжих ажиллагааны үзүүлэх тоглолт, БХИС-ийн “Тэмүжин өрлөг” цэрэгжүүлсэн дунд сургуулийн сурагчид, 032-р ангийн дайчид жагсаалын үзүүлэх тоглолт, ҮЖҮНХ, Цэргийн хөгжмийн сургууль хөгжмийн үзүүлэх тоглолт хийж, БХЯ,ЗХЖШ-ын харьяа байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Энэ 10 жилийн хугацаанд 5300 гаруй монгол дайчид 3 тивийн Ирак, Афганистан, Сьерра Леон, Чад, Косово, Баруун Сахар, Конго, Судан зэрэг 10 гаруй улсад явагдсан НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын 14 ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс 7 ажиллагаа амжилттай дуусч, одоо 7 ажиллагаанд 500 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Удахгүй Өмнөд Суданд 850 хүнтэй батальоны үлдсэн хэсэг, Суданы Дарфур мужид цэргийн эмч нарын 3-р баг үүрэг гүйцэтгэхээр явна.
Монгол Улсын Засгийн газраас 4 дүгээр сард тогтоол гаргаж Энхийг сахиулагчдын олон улсын өдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон жил бүр ёслон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Энэ ойн хүрээнд “Энхийг дэмжих ажиллагаа: Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ, БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан. Энхийг сахиулагчдын тухай шилдэг дууны уралдаан, “Хийморь өөдөө монгол цэрэг” уралдаан цэнгээнт тэмцээнийг БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран зохион байгуулсан. БХЯ-ны харьяа Монгол цэргийн музей “Монгол цэрэг энхийн үйлсэд” сэдэвт үзэсгэлэн гаргаж байна. БХЯ, ЗХЖШ-аас энэ ойд зориулан “Монгол цэрэг энхийн үйлсэд” баримтат кино, фото альбом, Цэргийн багуудын тухай ном, монгол цэрэг болон энхийг сахиулагчдын тухай дууны 3 клип бүтээгээд байна.
Түүнээс гадна 29-нд 15.00 цагаас Соёлын төв өргөөнд энэ ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болох бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцоно. Энхийг сахиулагчдыг төлөөлж 2004 онд Иракт гавьяа байгуулсан Зэвсэгт хүчний 084-р ангийн бүлгийн дарга, дэслэгч Г.Аззаяа үг хэлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )