Манай улсад эм ханган нийлүүлэгчид болон эм үйлдвэрлэгчид, эмийн сангууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хүмүүс эмийг өөрийн хүссэнээр, эмчийн зааваргүй дур мэдэн чихэр шиг л хэрэглэж байна. Социалист нийгмийн үед эм тариаг зөвхөн эмчийн жор бичиг, зааврын дагуу авч хэрэглэдэг байлаа. Гэтэл өнөөдөр энэхүү хяналтын тогтолцоо бүрэн алдагджээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд зарж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийж, эмийн 30 гаруй үйлдвэр, эм ханган нийлүүлэх 100 гаруй байгууллага, 800 гаруй эмийн санг шалгажээ. Мөн уг шалгалтад хуурамч эм худалдаалж буй зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг зэрэг бүртгэлтэй, бүртгэлгүй эм хангамжийн байгууллагуудын 85 орчим хувийг хамруулсан байна.
Шалгалтаар 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан гэх мэт нэлээд зөрчил илэрчээ. Үүнээс гадна чанарын баталгаагүй, бүртгэлд ороогүй 92 нэр төрлийн эм борлуулж байсныг илрүүлсэн байна. Тиймээс бид эмийг баталгаатай эмийн сангаас худалдаж авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хэрэглэх заавар, савлагаа, орц найрлага зэргийг сайтар нягталж үзэх нь зохистой. Хэн нэгний ам дамжсан яриа, зөвлөгөөгөөр эсвэл дураараа эм авч уух нь амиа хорлохоос ялгаагүй болоод байна. Үүний зэрэгцээ эмийн аюулгүй байдлыг хангахад эмийн үйлдвэрүүд, эмийн сангуудын үүрэг ч их юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )