Өнгөрсөн Бямба гаригт “19” нэртэй нэгэн шинэ кино нээлтээ хийсэн юм. Уг дэлгэцийн бүтээл нь Үүрцайх хэмээх нэгэн залуугийн арван есөн жилийн амьдралыг өгүүлдэг. Өөр өөрийн гэсэн өгүүлэмжтэй гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрт өөр өөр бүрэлдэхүүн ажилласан байна. ”19” киноны зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюссероор Б.Баабар ажиллаж, киноны хөгжмийг Төрийн шагналт МУУГЗ, хөгжмийн зохиолч, Б.Шарав бичжээ. Эхний хэсгийг УДЭТ-ын Б.Баатар, хоёр дах хэсгийг Б.Балжинням, төгсгөлийн хэсгийг И.Нямгаваа нар найруулагчаар тус тус ажиллажээ. Уг киноны гол онцлог нь гурван хэсэг нийлээд ямар бүтээл болсныг эвлүүлэгчээс өөр хэн ч үзээгүй байсан гэдэг. Киноны тухайд ерөнхий продюссер Баабар өгүүлэхдээ “Их сургуулийн математикийн багш Анхбаяр гэгч залуу ирээд кино зохиолоо үзүүлсэн. Зохиолыг уншиж байх явцад 3 өөр найруулагчид өгч хийлгүүлье гэсэн санаа төрсөн” хэмээжээ. Харин найруулагч И.Гаваа "АНУ-аас киноны талаар юу ч асуулгүй шууд л хүрээд ирсэн. Үүрцайх хүүгийн амьдралыг 30 минутанд багтаагаад кино болго гэсэн. Тэрний дагуу л хийсэн. Харин миний хийсэн хэсгийг хүмүүс өөрсдийнхөөрөө бодож тунгаана биз дээ" хэмээжээ. Ингээд хүний амьдралын үнэ цэнэ юунд оршдог тухай уншигч та уг бүтээлээс сонирхоорой.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )