Одоогоос 75 сая жилийн тэртээд амьдарч байсан “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясыг “Нью-Йорк” хотод дуудлага худалдаанд оруулсан. Уг эртний олдвор нь Монгол улсын газар нутагт харъяалалтай байж болзошгүй юм. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч анхааралдаа авч, Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч уг дуудлага худалдаагаар нэрээ нууцалсан эрхэм энэхүү үнэт ховор олдворыг 1.05 сая ам.доллараар худалдаж авсан байна. Хэдийгээр дуудлага худалдаа болсон ч Даллас хотын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу “Тиранозаурус Батаар” Монголын газар нутгаас олдсон гэдгийг нотолж чадвал эргүүлэн авах боломжийг олгосон. Даллас хотын шүүхээс дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ хугацаанд багтаж Монгол улсын олдвор гэдгийг нотлох шаардлагатай байв. Тиймээс манай талаас АНУ, Канад зэрэг орны эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улсын өмгөөлөгч Роберт Пентер гардан, маш идэвхтэй ажиллаж байна. “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясны маргааны шүүх хурал ирэх сарын 1-нд болох юм. Шүүх хурал болох хүртэл олон талын шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж Монголоос олдсон үлэг гүрвэлийн араг яс мөн гэдгийг нотлох ажлаа амжилттай үргэлжлүүлсээр байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )