Монгол хүн эх орондоо дарлагдах ёсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29

Өнөөдөр 12 цагаас “Хөх монгол” бүлгэм “Монгол хүн монгол газар нутагтаа дарлагдах ёсгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд "Сүүлийн үед барилгын компани дээр ажиллаж байгаа монгол ажилчид хятадуудад зодуулах хэрэг их гарах болсон. Ийм хэргийн ихэнх нь “Эм Си Эс” группын шугамаар ирсэн хятад ажилчидтай холбоотой хэргүүд юм. Эх орондоо хөдөлмөрлөж байгаа монгол залуусаа харийнханд дарлуулах ёсгүй" хэмээн мэдэгдлээ.

Монгол хүн монгол нутагтаа амьд явах эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ сарын 26-ны өдөр хуримын ордны урд байрлах (хуучнаар хүүхдийн паркын хашаан дотор) Эм си эс ХХК-ны бариулж буй барилга дээр ажилладаг хятад ажилчин монгол залууг зөрөхдөө мөрөөрөө шүргэсний төлөө түүнийг бүлэглэн зодсон хэрэг гарчээ. Энэ талаар “Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн бямба гаригт ямар хэрэг гарсан бэ?

-200-гаад хятад ажилчид хоёр монгол залууг маш аймшигтайгаар зодсон. Энэ хоёр залуу амьд гарахын тулд тэднээс зугтаж гудамжинд гарсан ч тэднийг араас нь хөөж очин зодсон байгаа юм. Нэг залуугийн тархийг арматурын төмрөөр бяцалсан, нөгөө залууг нь гар хөлийнх нь махыг тасалж хохироосон аж. Нэмж зодохоос нь өмнө бид очсон.  

-Зодуулсан хоёр залуугийн биеийн байдал ямар байна. Зодсон хятадуудыг барьсан уу?

-Нэг нь толгойдоо нэлээд хэдэн оёдолтой, нөгөө залуугийн мах нь тасарсан, битүү гэмтэлтэй эмнэлэгт хэвтэж байна. Цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгаж байгаа.

-Эм Си Эс группт шаардлага хүргүүлэх гэж байгаа гэсэн. Ямар шаардлага хүргүүлэх гэж байна вэ?

-“Энержи Ресурс" компанийн хятад жолооч монгол залууг дайрч, амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан. Иймээс хууль зөрчөөд байгаа хятад хүмүүсээ эх оронд нь буцаах, эсвэл монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдүүл гэсэн шаардлагыг тавьж байна.

-Танай бүлгэм цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг уу. Цаашдаа иймэрхүү хэрэгтэй холбоотой ямар арга хэмжээ авах вэ? 

-Бид хамтарч ажиллаж байгаа. Цаашид ч хамтарч ажиллах болно. Яагаад гэхээр монгол хүн гэдэг бол өнөөдөр хамгийн чухал эрдэнэ юм. Гэтэл энэ эрдэнэ болсон монгол хүнийг нутагтаа байхад нь харийнхан ингэж заналхийж байгаа нь аймшигтай байна. Манай бүлгэм хажуудаа хуулийн хэлтэстэй, удахгүй хуулийн төсөл санаачилна. Бид ТББ-ынхаа хувьд хуулийнхаа хүрээнд л ажиллаж, тусгаар Монгол улсынхаа иргэнийг хамгаалах болно.


Х.Даваа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top