“Бүсгүй даашинзаа хар өдөөр чимэглэсэн ч өд нь гэнэт алга болсноо эргээд олддог. Эмэгтэй тэрхүү даашинзаа өмсөөд нэг тийшээ явсан ч өөрөө мөн л гэнэт алга болж, зөвхөн даашинз нь л үлддэг”... Энэ бол “Тогоруун ахайтан” хэмээх богино хэмжээний кино юм. Энэ киноны гол дүрийг хэдхэн минутанд багтаан илэрхийлж чадсан бүсгүй бол гадаадын улс орнуудад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа цөөхөн хэдэн загвар өмсөгчдийн нэг Л.Гэгээ билээ. Тэрээр кинондоо Сингапурын нэртэй загвар зохион бүтээгч Мэт Таны гайхамшигтай даашинзыг өмсөж хүмүүст хүргэж чадсанаараа загварын кино төрөлд түрүүлсэн юм. Л.Гэгээгийн хувьд багаасаа Орос, Солонгост амьдарсан бөгөөд загвар өмсөгчийн гараагаа ч анх Солонгосоос эхлэж байжээ. 2001 онд Солонгосын загвар өмсөгч, миссийн тэмцээнд тэргүүн байр эзэлснээр түүний ажил амжилтын гараа эхлэсэн гэдэг. Тэр цагаас хойш Япон, Англи, Америк зэрэг томоохон загварын агентлагуудад ажиллаж Rose хэмээх тайзны нэрээр алдаршжээ. Одоогоор Сингапурын “Дива” агентлагт харьяалагддаг тэрээр загварын тайзны нэг гараагаа 1000 ам доллараар үнэлүүлэхийн зэрэгцээ томоохон компаниудын рекламанд тоглодог гэнэ. Хэдийгээр харь оронд ажиллаж амьдардаг ч гэлээ Монголоо гэсэн сэтгэлээ хэзээ ч алдахгүй хэмээдэг тэрбээр ирээдүйд эх орондоо эргэн ирж загварын чиглэлээр ажиллах зорилго тавьжээ.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )