ҮХЦ-ийн даргаар Ж.Амарсанааг сонголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Үндсэн хуулийн цэцийн даргыг цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж өнөөдөр сонголоо. Даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно гэсэн хуулийн заалттай билээ.


Үүний дагуу цэцийн даргын сонгууль болж, даргад  гишүүн Ж.Амарсанаа, Н.Жанцан, Д.Сугар нарын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд даргыг нэг удаа улируулан сонгож болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн ҮХЦ-ийн даргаар өмнө нь хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Н.Жанцан нэрээ татаж авсан юм.

Ийнхүү нууц санал хураалтын дүнгээр  гишүүдийн олонхийн саналыг  Жүгнээгийн Амарсанаа авч улмаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдлоо.

Тэрээр  ҮХЦ-ийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна.  Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон  туршлагатай юм. Мөн тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор ба  хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалжээ.

ҮХЦ-ийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болдог аж.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top