“Цагдаагийн ар гэрийн холбоо” болон Ч.Амарболд нарын гэр бүлийн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Тэдний зүгээс Ч.Амарболд, О.Зоригт нарын биеийн байдал хүнд байгаа тул цаашид онош, эмчилгээний заалтын дагуу төрөлжсөн эмч нарын хяналт, зөвлөгөөний дагуу эмийн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа энэ үеэр дуулгав. Түүнчлэн П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлгээс эмчилгээний талаарх албаны тодорхойлолт авсныгаа Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн тухайгаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгт нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэхийг хүсч буйгаа илэрхийлж, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийнхэн тэднийг эмчлэх боломжгүй гэдгийг хэллээ. Тиймээс ар гэрийнхэн нь Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлт гаргаж “III эмнэлэгт буцаан хэвтүүлж, хэвтрийн дэглэм сахиулж эмчилгээг нь үргэлжлүүлэн хийлгэж өгөөч. Мөн өвчнийг эдгэртэл шүүх хурлыг түтгэлзүүлээч” хүсэлтийг гаргаж өгчээ. Харин шүүх хүсэлтийг хэрхэн хүлээж авахыг таашгүй. Ар гэрийнхнийх нь зүгээс батлан даалтад гаргах, эмчилгээ хийлгүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан ч ганц удаа хүсэлтийнх нь хариуг шүүхээс өгч байгаагүй юм байна. Тэдний зүгээс “Шүүхийн байгууллага хүний эрхийг ноцтой зөрчиж, амь нас нь үхэлтэй тэмцэж байгаа хүмүүсийг, шүүх хуралд заавал суулгана хэмээн тарчлаан зовоож, залхаан цээрлүүлж, доромжилсон үйлдэл гаргасанд үнэхээр гомдож байна. Төр нь иргэнээ хайрлаж, хамгаалахаа байсан цаг юм байна” хэмээн мэдэгдсэн юм. Хошууч, генерал Ч.Амарболд элэгний судас боох мэс засалд орсон бол хурандаа О.Зоригт зүрхний мэс ажилбар хийлгээд удаагүй байхад нь шүүх хуралдаанд оролцуулахаар Цагдан хорих төвд авчирсан нь хүнлэг бус үйлдэл гэдгийг мэдэгдсэн. Цагдан хорихын эмнэлэг нь хагалгааны дараах эмчилгээ хийх боломжгүй газар гэдгийг тэд хэлсэн юм.
О. Зоригтын эгч О.Пүрэвжамаа: Хүнлэг бус хандсан шүүхэд гомдож байна
-Таны дүү О.Зоригтын биеийн байдал муу байхад хүчээр Цагдан хорих төв рүү авч явсан үйлдлийг юу гэж тайлбарлах вэ?
-Хэлэх үг олдохгүй нь. Арай дэндүү хатуу хандсан шүүхийн байгууллагад гомдож байна.
-Цагдан хорих төвийн эмнэлэгт шаардлагатай гэсэн эмчилгээгээ хийлгэж чадаж байгаа болов уу?
-Хагалгаанд ороод дөрөв хонож, гэдэсний оёогоо авахуулаагүй байсан. Сахарын өвчний эдгэрэлт удаан, шүүс байнга гоождог байсан. Тус төвийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эхо аппарат байхгүй, тэгээд ч шаардлагатай гэсэн эмчилгээгээ авч чадахгүй байгаа. Тиймээс бид буцаагаад III эмнэлэгт нь хүргэж өгөөч ээ гэж хүсэлт гаргаж байна. Зүрх, үнхэлцэг хоёрын хооронд байдаг усны хэмжээ хэтэрсэн тул соруулж авсан. Бид нарт ямар ч мэдээлэл алга. Биеийн байдлыг нь асуугаад өгөөч гэхээр асууж өгөхгүй юм. Хамгийн гол нь бохир орчинд ямар нэгэн халдвар шарханд нь орчих вий гэж айж байна.
-Шүүх өвчтэй хүмүүст энэрэнгүй хүнлэг бус хандаж, ямар гэдгээ харууллаа?
-Хүнд хагалгаанд орчихоод өвчиндөө шаналж, ёолж байгаа хүний цус, шүүсийг гоожуулан машинаар аваад явчихдаг юм байна. Хүн ийм байж болох уу, шүүгчид нь өөрсдийнхөө ах дүүсийг тэдний оронд харьцуулаад бодоод үзээсэй. Ингэж хүнийг залхаан цээрлүүлж, зовоон тамлаж болдог юм уу. Бид хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд чөлөөтэй амьдарч байна хэмээн Ерөнхийлөгч нь тунхаглаад байдаг. Гэтэл тийм биш юм байна. Шүүхийн байгууллагаас гуйх ганцхан юм байна. Шарх сорвийг нь эдгээсний дараа л шүүгээч гэж хэлмээр байна.
Ч.Амарболдын ах Ч.Энхболд: Бидний арга мухардаж, хаана хандахаа ч мэдэхгүй байна
-Та бүхний гаргаж байгаа хүсэлтийг шүүх хэрхэн хүлээж авах бол?
-Тэрийг хэлж мэдэхгүй. Гэхдээ бид хүнийхээ эрүүл мэндийн байдлыг бодож, зайлшгүй нарийн мэргэжлийн эмч нарыг нь бараадуулах ёстой гэдгээ ойлгож дээрх хүсэлтийг гаргаж байна. ЭБШХ-ийн 245.1-т зааснаар хүнд өвчний улмаас ирэх боломжгүй болсон нь эмнэлгийн байгууллагын тодорхойлтоор нотлогдсон бол шүүгч тэр шүүгдэгчийг эдгэрэрх хүртэл нь хэргийг түдгэлзүүлнэ гээд тодорхой заасан байна. Тийм учраас бид өвчнийг эдгэрч, биеийг нь тэнхэртэл шүүх хурлыг хуралдуулахгүй байгаасай гэж бодож байна.
-Та нарын гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй бол дараагийн ямар алхам хийх вэ?
-Үнэхээр арга мухардаж, хүчгүйдэж байна. Хаана хандахаа ч мэдэхгүй явна.
-Шүүгдэгч нарт томилсон өмгөөлөгч нар яагаад ирсэнгүй вэ?
-Бид өвчтэй хүмүүстээ анхаарал хандуулаад өмгөөлөгч нарын талаар нэг их анзаараагүй ээ. Өмгөөлөгчдийн хувьд өөрсдөө энэ хэрэгт оролцох боломжгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Тийм дээ ч хавтаст хэрэгтэй танилцахгүй байна.
-Шүүгдэгчдийн ар гэрийнхнээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Шударга байя” гээд байсан яасан бэ гэсэн асуулга тавьж байсан. Үүнийг тодруулахгүй юу?
-Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо шударга ёс ярьсаар байгаад сонгогдсон шүү дээ. Одоо тэр шударга ёс нь хаана байна. Хууль, шүүхийн байгууллага түүнд хэрхэн захирагдаж байгаа нь тодорхой болсон шүү дээ. Ялангуяа, энэ хэрэг дээр их хошуу дүрж маш их оролцож байна. Бид Ц.Элбэгдоржийг шударга ёс ярьсан шигээ байгаасай гэж хүсч байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )