Хятад бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэгч илэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

Өчигдөр Нийслэлийн МХЕГ-аас хятад бэлэн гоймон чанадаг болон худалдаалдаг байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Учир нь манай улсад түгээмэл худалдаалагддаг 250 төгрөгийн Даху ван гоймонгоос эхлээд ихэнх хятад бэлэн гоймон хүний биед хавдар үүсгэдэг олон төрлийн хортой бодисууд агуулсан болохыг тогтоосон байна.
Хамгийн аймшигтай нь эдгээр бэлэн гоймонгийн орц найрлагад хүнсний бус, химийн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнийг орлуулан ашигладаг болох нь илэрчээ.

Хэдийгээр МХЕГ-аас энэ талаар одоо мэдээлж байгаа боловч бодит амьдрал дээр 15 настай хүүхэд хятад бэлэн гоймонд хордон нас барсан тохиолдол гарч байсан. Түүнчлэн 4-р сард мөн 5 настай хүү мөн л хятад гоймонд хордон СБД-ийн эмнэлэгт хүргэгдэж байсан билээ.

Манай улс хүүхэд залуучуудын орон. Гэтэл бэлэн гоймонгийн хэрэглээ хүүхэд залуусын дунд түгээмэл байгаа нь анхаарал татаж байгаа юм. Эцэг эхчүүд цаг завгүй ажлынхаа ачааллаас болоод хүүхдийнхээ эрүүл зөв хооллолтод төдийлөн анхаарал хандуулж чаддаггүй. Өөрсдөө ч мөн адил өдрийн хоол, тэр ч бүү хэл гэртэй оройн хоол хийж амжихгүй бол гоймон чанаад идчихдэг гэр бүл цөөнгүй бий.

Харин өнөөдрөөс эхлэн бүх нийтээрээ өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч хятад бэлэн гоймонгоос татгалзах зүйтэй болжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top