Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Цэцэг шиг гоёж, эрвээхэй шиг дэвсэн бяцхан үрсийн баярын өдөр тохиож байгаа нь энэ. Энэ өдөр хүүхэд бүхэн баярлаж, Хүүхдийн баяраар өмсөнө гэж зэхсэн шинэ хувцсаараа гангарна. Хамгийн чухал нь энэ өдөр хүүхэд бүрийн харцанд баяр тодорч, хорвоог бүхэлд нь аз жаргалаар гийгүүлдэг. Энэ л баярыг угтсан нэгэн үйл ажиллагаа нийслэлийн Хүүхдийн төлөө газрын гаднах талбайд өчигдөр өрнөсөн юм. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Хүүхдийн төлөө газар Төрийн банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн гол онцлог нь эмзэг бүлгийн хүүхдүүд рүү чиглэснээрээ бусад арга хэмжээнээс ялгагдаж байсан юм. Хэдийгээр амьдралын боломж хангалттай биш ч энд ирсэн хүүхдүүд бүгдээрээ л гоё сайхан харагдаж байсныг онцолъё.
Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд тусгай сургуульд суралцдаг гадна халамж, асрамжийн төвд амьдардаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдээс хүндэт зочноор нь оролцсон юм. Ээж аавтайгаа амьдарч, өдөр бүр хүссэн амттанаа иддэг хүүхдүүдтэй тэдний амьдралыг харьцуулшгүй. Нэг хэсэг нь амьдрахын төлөө хатуу бүхнийг хийж, нөгөө хэсэг нь өрөөл нэгнээр ээжийнхээ хайрыг орлуулж асрамжийн газар амьдрах гээд хорвоо хэтэрхий эрт хатуугаа мэдрүүлсэн энэ хүүхдүүдэд баярлах хором мөч тийм ч олон биш. Энэ л үүднээс жил бүрийн Хүүхдийн баярын өмнө тэднийг баярлуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, бэлэг өгдөг. Тэд дуулж, бүжиглэнэ, бас шүлэг уншиж эцэст нь бэлгээ авна. Нэг ёсондоо авьяасаа үзүүлж байгаа хэрэг. Хамгийн гоё бүжиглэсэнд нь бэлэг өгнө гэсэн хөтлөгчийн үг тэднийг ямар их хичээхэд хүргэснийг та бүхэн төсөөлж байгаа байх.
Гуравхан настай бяцхан гүнжээс эхлээд 10 настай агаа хүртэл маш их хичээл зүтгэл гарган, тайзны голд бүжиглэж байгааг харсан хүн бүхэн өхөөрдөн инээмсэглэж байсан. Ерөөс хүүхдийг инээд, инээмсэглэл дагаж явдаг хойно доо.
Зарим нэг нь тайзан дээр дуулж бүжиглэн бэлэг авч байхад хаана юу болоод байгааг ч үл анзааран бөмбөлгөө хөөцөлдөн гүйх хоёр настан ч харагдана. Нөгөө нэг нь бүр ээжийнхээ өвөр дээр тавтай нь аргагүй унтах. Дуулсан, бүжиглэсэн, инээсэн баярласан, хөөцөлдөж тоглосон гээд тэндээс ёстой л аз жаргал "үнэртэж" байсан гэж болно. "Би том болоод захирал болно. Гэхдээ хүн загнадаг захирал болохгүй" гэж хэвлүүхэн ярих хүүгийн ярианаас олон зүйлийг ухаж ойлгож болно. Жаахан лавшруулж ухвал яг л өөрийнхөө сэтгэл шиг тийм ариухан, амгалан тайван ирээдүйг мөрөөдөж байгаа нь лавтай.
Багш, эмч, жолооч болно гээд аль хэдийнэ мөрөөдөлдөө ирээдүйгээ багтаачихсан бяцхан үрс маань сэтгэлдээ айх түгшүүргүй, ээж аавтайгаа хамтдаа амьдрах нь энэ хорвоогийн хамгийн дээдийн аз жаргал. Гэсэн ч эмзэг бүлгийн гэж нэрлэгдсэн энэ хүүхдүүд өөрсдийгөө бусдаас ялгаатай гэж бодож эмзэглэж байгаагүй нь мэдээж. Яг өнөөдрийн баяр шиг өдөр бүрийг харж, гомдож уйлсан ч хормын дараа мартагдаж, хорвоо дээр ганцаараа аз жаргалтай нэгэн мэт инээмсэглэх нь ямар өхөөрдөм, ямар хайр татам гээч.
Эмзэг бүлгийнхнийг баярлуулж байгаа гэж тодорхойлогдсон энэ арга хэмжээний үеэр 200 гаруй бэлэг тараасан. "Маргааш миний төрсөн өдөр болно ш дээ" гэж сэргэлэн загнаж байгаа нэг байхад, миний жоохон дүү гэртэй байгаа гэж өрөвдөлтэй царайлах нэгэн ч байсан. Бэлэг өгч байгаа хүн рүү яг л "ширекийн муурны нүд"-ээр харж байсан гээд та төсөөл дөө, хөөрхөн байгаа биз. Бэлэг аваад баярлан дэгдэж яваа зарим хүүхэдтэй багахан яриа өрнүүлсэн юм.
Т.Молор-Эрдэнэ, Т.Маргад-Эрдэнэ: Бид хоёр ихэрлэдэг нэгжийн рекламанд тоглосон ш дээ
-Та хоёр чинь ихэр юм уу даа?
-Тиймээ, бид хоёр ихэр, гоё байгаа биз.
-Хөөрхөн юм аа. Бэлэг нь таалагдаж байна уу? Бэлгэн дотор нь юу байна?
-Таалагдаж байна. Чипс, ундаа, бас миний дуртай резинэн чихэр байна.
-Та хоёр хүүхдийн баярыг яаж тэмдэглэдэг вэ?
-Эхлээд парк дээр очиж тоглодог. Дараа нь ээжтэйгээ ресторанд хооллодог.
-Сая та хоёрыг бүжиглэж байхыг харсан. Мундаг байсан шүү?
-Бид хоёр ардын бүжгээр медальтай. Бас дуулдаг. Ихрүүдийн баярт нэгдүгээр ангиасаа эхлээд л орсон. Зөндөө олон шагнал авч байсан.
-Өөр ямар авьяастай вэ?
-/Жаахан бодолхийлснээ/ Өө нээрээ, бид хоёр Юнителийн рекламанд тоглосон ш дээ.
-Хөөх, ямар?
-Яагаав, нөгөө ихэрлэдэг нэгжийн. Биднээс гадна бас гурван ихэр тоглосон.
-Нээрээ та хоёр ямар мэргэжилтэй болох вэ?
-Молор-Эрдэнэ: би мисс болно. Харин Маргад-Эрдэнэ балетчин болно.
Ихэр хөөрхөн охид бидний дунд ийм яриа өрнөсөн юм. Бэлгээ аваад шалан дээр тавиад шууд задалж байгаа нэг байхад агаадаа, аниадаа аваачиж өгнө гээд тас тэвэрсэн нэгэн ч байсан. Хүүхэд бүр өөр өөрийн ертөнцтэй гэдгийг тэндээс харж болохоор байсан юм. Ийн Монголын үрсийн маань нэгээхэн хэсэг нь бэлгээ авч, баярлалаа. Ээж аав нараа, аз жаргалыг үнэртмээр байна уу, тэгвэл энхрий үрсээ нэг үнсээрэй.
В.Бат
Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )