Бөөрний дутагдалд орсон А.Мөнгөнтулга хүүд тусалцгаая

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 02

 

Алтанцоож овогтой  Мөнгөнтулга нь 2000.12.30-нд төрсөн, 12 настай. 2005 онд Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Хүүхдийн хаяг тогтоох тасгаас бүтэн өнчин, харж асрамжлах хүнгүйн улмаас Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвд хүргэгдэн ирсэн. А.Мөнгөнтулга нь тус төвд долоо дахь жилдээ амьдарч, сурч байгаа бөгөөд  ирсэн цагаасаа эхлэн өөрийгөө хөгжүүлж урлаг спортын бүх төрлийг сонирхон авъяас чадвараа нээн илрүүлж, тогтмол хичээллэж байдаг төвийн  шилдэг хүүхдүүдийн нэг юм. А.Мөнгөнтулга нь сэргэлэн цовоо, өрөвч нинжин сэтгэлтэй, дүү нартаа асралтай, ахмад настанд энэрэлтэй, ухаалаг, соёлч боловсон төдийгүй өөрийгөө цаашид хөгжүүлэн сурч боловсрохыг байнга эрмэлзэж байдаг.  Одоо БЗД-н 92 сургуулийн 4е ангид амжилттай суралцаж байгаа.

Шагнал урамшуулал: 2010 онд “Хаврын баяр “ тэмцээнээс дууны төрөлд алтан медаль,  “Дуугаар хөлгөлсөн ирээдүй “ улсын уралдааны хошой алтан медаль, 2011 онд Нийслэлийн Хүүхдийн Төлөө Газрын авъяас хүрэл медаль, “Би монгол хүүхэд “ тэмцээнээс  2011 онд мөнгө, 2012 онд алтан медаль , 2012 онд  “Тиктоник” бүжгээр алтан медаль,  2012 онд Тэквондогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, “Дуулиан -2020” тэмцээнд багаараа  хүрэл медаль, БЗД-н 92-р сургуулийн хөл бөмбөгийн  аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус бүр хүртсэн  ХСХТТөвийн 2011, 2012 оны шилдэг хүүхэд өргөмжлөл хүртсэн манай тэргүүний хүүхдүүдийн нэг юм

Солонгосын соёл урлагийн их  сургуулийн оюутнуудтай хамтран бүтээсэн “Миний мөрөөдөл” богино хэмжээний уран сайхны киноны гол дүрд тоглосон.

А.Мөнгөнтулга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар  Италийн АС Милан багийн дасгалжуулагчдыг урьж, хүүхдийн хөлбөмбөгийн багуудыг дасгалжуулан, хотын шилдэг багуудаас шилдэг тоглогч  хүүхдийг шалгаруулахад ур чадвараараа тэнцэж  Милан хотын “Дэлхийн хүүхдийн зуслан”-д зохион байгуулагдах өсвөр үеийнхний хөл бөмбөгийн тэмцээнд оролцуулах 4 хүүхдийн нэгээр шалгарсан юм.

А.Мөнгөнтулга нь 2005 онд Хүүхдийн хаяг тогтоох төвөөс Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвд ирэхдээ суурь өвчтэй, тэжээлийн доройтолтой ирсэн бөгөөд одоо бөөрний дутагдал гэсэн оноштойгоор Солонгос улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон.

Өөрийн хүслээр бус хорвоогийн гашуун зовлонг хар багаасаа амсаж эцэг эхийн хайр энэрлийг мэдрэхгүй өсч, хүмүүжихийн зэрэгцээ  хүнд өвчинд шаналж байгаа  авъяаслаг бяцхан энэ хүүд энэрэлийн гараа сунгаж эмчилгээний зардалд шаардлагатай байгаа 10 сая төгрөгийг олоход дэмжлэг үзүүлнэ  үү.

 Эрхэм та эх орны ирээдүй болсон энхрий бяцхан хүүгийн  царайд  инээмсэглэл тодруулж, итгэл найдвар бэлэглэхийг хүсвэл  Хадгаламж банкны Чулуун овоо дахь салбар 10520018960    тоот хандивын дансанд хандана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top