Стандарт Хэмжил зүйн Газрын дарга Г.Гантөмөр ажилтан, ажилчдыг үндэслэлгүйгээр олноор нь ажлаас халж эрх ашгийг нь хохироосон талаар тус байгууллагынхан мэдэгдлээ. Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр 2010 оны 3-р сарын 3-ны өдрийн Засгийн газрын 55 тоот тушаалаар ажлаас нь халсан байна. Улмаар 2012 оны 3-р сарын 16-ны Засгийн газрын 84 тоот тушаалаар Г.Гантөмөрийг Стандарт Хэмжил зүйн Газрын даргын үүрэгт ажилд нь эргүүлэн томилжээ. Ажилдаа эргэн томилогдсоныхоо дараа Г.Гантөмөр өнөөдрийг хүртэл 13 ажилтныг ажлаас халаад байгаа юм байна. Эдгээр ажилтнууд нь өөрсдийн мэдлэг чадвараар ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэн ажиллаж байжээ.
Ажлаас халагдсан ажилтнууд үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн шүүх болон салбарыг хариуцсан сайд, Төрийн албаны зөвлөл, АТГ-д хандана гэдгээ мэдэгдээд байна. Мөн ажлаас халагдсан ажилтнууд СХЗГ-ын зургаан жилийн үйл ажиллагаанд мониторинг хийлгэхийг хүсэж буй ажээ. Ажлаас халагдсан 13 ажилтнаас болж СХЗГ-ын ажил цалгардаагүй гэдгийг тэд баримтаар ярьсан юм. Г.Гантөмөр даргыг ажиллаагүй хоёр жилийн хугацаанд СХЗГ-ын хөрөнгө оруулалт 12 дахин нэмэгдэж, байгууллагын гадаад харилцаа шинэ шатанд гарч дэлхийн түвшний Үнэт металлын лабораторитой болсон гэж байсан юм.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )