Сугар гариг нар, дэлхий хоёрын дундуур орно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 02

Сугар гариг Нар, Дэлхий хоёрын дундуур орох үед Нарны тэргэлээр Сугар гаригийн өнгөрөлт болдог байна. Энэ нь та бидэнд  наран дээр жижиг толбо шиг харагдана. Астрономийн энэхүү ховор үзэгдэл манайд энэ сарын 6-ны өглөөний 6 цаг 08 минутад эхэлж 12 цаг 50 минут хүртэл харагдах гэнэ. нар толботох үеэр нар руу дурангаар болон аппаратаар хамгаалалтын фильтргүй харж болохгүйг анхааруулж байна.

 Анх 1631 онд Иоганн Кеплер  Сугарын өнгөрөлтийг урьдчилан хэлж байсан бөгөөд тухайн үед энэ  өнгөрөлтийг хэн ч ажиглаж чадаагүй ажээ.  Учир нь тухайн үед цаг хугацаа нь тодорхойгүйн дээр Европын ихэнх хэсэгт харагдахааргүй байсан гэнэ.  Тухайн үед Кеплер 1631, 1761 онуудын Сугар гаригийн өнгөрөлтыг урьдчилан хэлсэн боловч 1639 оныхыг орхисон байжээ.

1639 онд  Английн одон оронч  Жемери Хоррокс, Кеплерийн тооцоог нарийвчилан өнгөрөлт хосоороо 8 жилийн дараа болдог гэж тооцоолж үүнийхээ үндсэн дээр анх Нарны тэргэлээр өнгөрөх Сугар гаригийг ажиглажээ. Сугар гаригийн тойрог зам нь манай дэлхийн тойрог замын хавтгайд 3.4о налуу тул   Сугар гаригийн өнгөрөлт нь Нарны тэргэлийн дээд хэсгээр эсвэл доод хэсгээр өнгөрдөг. Нарны тэргэлийн өмнүүр  өнгөрөх Сугар гаригийн туулах замын дахин давтагдалт нь 243 жил бөгөөд зуны 2 өнгөрөлт ( 8 жилийн дараа), өвлийн 2 өнгөрөлт (8 жилийн дараа) 121,5 ба 105,5 гэсэн үетэйгээр явагддаг. Өвлийн өнгөрөлт 1874 оны 12 дугаар сарын 9 ба 1882 оны 12 дугаар сарын 6–нд болсон бол зуны сүүлийн өнгөрөлт 2004 оны 6 дугаар сарын 8-нд болсон бол тун удахгүй буюу 2012 оны 6 дугаар сарын 6-нд бөмбөрцгийн баруун тал хагаст нар мандахад, 5-нд бөмбөрцгийн зүүн хагаст нар жаргахад болно.  Дараагийн өнгөрөлт нь 2117  ба 2125 оны 12 сард болно гэдгийг судлаачид тогтоосон байна. 

Урьд нь Нарны тэргэлээр Сугар гаригийн өнгөрөлтийн  тусламжтайгаар Астрономийн зайн чухал хэмжигдэхүүн болох Дэлхийгээс Нар хүртэлх зайг  тооцоолоход ашигладаг Нарны параллаксийг  нарийвчилан тогтоож байжээ.

А.Баярмаа


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top