Оюуны өмчийн газрын урилгаар Хятадын дэд сайд Фү Шуанжиан тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газрын тохируулагч агентлаг Монгол улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Үйлдвэр худалдааны яамны олон улс хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Лиу Ян, барааны тэмдээг хянан шалгах, маргаан таслах газрын ерөнхий захирал Хи Кшунбан, Барааны тэмдгийн хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ли Зихуа, Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс хариуцсан захирал Ву Жи, Хэрэг эрхлэх ерөнхий газрын ажилтан Вү Кшинкуанг нарын албаны хүмүүс оролцож байгаа аж.
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын хэрэглэгчийн төвд болсон уулзалтын үеэр Газрын дарга Б.Лхагва байгууллагын товч түүх, бүтэц, зорилго зорилт, гадаад дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Мөн орон тоо бүтцээ нэмэгдүүлэн байгууллагынхаа чадавхийг бэхжүүлэх ажилд анхаарч, боловсон хүчний сургалт, хэрэгжиж болох төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
БНХАУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайд ноён Фү Шуанжиан өөрийн байгууллагын чиг үүргийн талаар тодорхой мэдээлэл өгч, хоёр орны найрсаг харилцаа, байгууллага хоорондын хамтын ажиллагаа цаашид эрчимтэй хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. БНХАУ-д хэрэглэгчийн болон өрсөлдөөний хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн багийхан ажиллаж, судалгаа хийгдэж байгаа ажээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )