Л.Гэгээ: Хүний нутагт олон жил амьдарсан ч Монголоо гэсэн сэтгэлээ алдаагүй ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 02



Нью-Йорк хотод болсон хам­гийн богино хэмжээний киноны олон улсын наадамд монгол бүс­гүйн тоглосон бүтээл шилдгээр шал­гарчээ. "Тогоруу авхай" киноны гол дүрийг бүтээж олон улсын кино наадмаас тэргүүн бай­рын шагнал хүртсэн Л.Гэ­гээтэй онлайнаар ярилцлаа. Тэрээр одоогоор Сингапурт амьдарч байгаа юм. 

-Таныг саяын ки­­но наадамд тү­рүүлсэн гэдгээс өө­рөөр тө­дий­лөн сайн мэдэхгүй байх. Өөрийгөө дэл­­­гэрэнгүй та­нил­цуу­лах­­гүй юу?

-Би загвар өм­сөгч. Аав, ээжээс хайр­ласан нэр минь Гэгээ хэдий ч заг­варын тайзан дээр намайг "Rose" гэд­гээр минь таньдаг. Мон­гол­чууд маань намайг сайн мэ­дэх­гүй байх нь ар­гагүй. Учир нь би Мон­голд загвар өмсч бай­сан­гүй. 

Сүүлийн арав гаруй жил гадаадад ажил­лаж, амьдарч бай­на. Америк, Анг­ли, Япон, Солонгост загвар өмсч байсан. Харин сүү­лийн хоёр жил Син­гапурын "Ди­ва" агент­лагтай гэрээ бай­гуу­лаад ажил­­­­лаж байна даа. Аав, ээж маань цаг­даагийн бай­гууллагад ажилладаг хүмүүс бий. Эхээс хоёу­лаа, эмэгтэй дүү­тэй. 

-Гадаадад анх хэр­хэн хөл тавьж байв. Монголд заг­вар өмсч байгаагүй гэхээр га­даадын тай­зан дээр алхаж сурсан гэсэн үг үү?

-Миний бага насны ихэнх хугацаа Орос, Со­лонгостой хол­боо­той. Тэнд сон­годог бүж­гээр су­ралцаж байсан юм. Тиймээс загвар өм­сөг­чийн га­раагаа Со­лон­госоос эхэлж бай­лаа. Анх 2001 онд Со­лон­госын оюутны заг­вар өмсөгч, миссийн тэм­цээнд тэргүүн байр эзэлж байснаар  аж­лын гараагаа эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл мэр­гэжилдээ тууштай зүтгэж л явна. Хэдийгээр яг одоо энэ миний гар­гасан амжилт гээд хэл­чихээр зүйл байхгүй ч гэлээ амжилт өмнө минь байгаа гэдэгт итгэдэг. Гэхдээ ямар ч байсан очиж ажил­лаж байсан улсуудынхаа загварын хүрээнд гайгүй сайн танигдсан байх шүү. 

-Ази төдийгүй Европт ажил­лаж байжээ. Мэдээж хэрэг хоёр тивийн ялгаа их. Манайхан Ев­ропт жаахан гологдох гээд бай­даг байх аа?

-Өнөө жил надад Германы Хам­­бург хотын "Mega" моделийн агент­лагаас урилга ирсэн. "Ма­найхтай гэрээ байгуулаад загвар өмсөөч ээ" гэсэн урилга. Гэхдээ би энэ урилгад татгалзсан хариу өгчихлөө. Яагаад вэ гэхээр би ази хүн. Тэр дундаа монгол хүн. Син­гапур Азийн нэг улс гэдэг утгаараа манайхтай илүү ойр. Тиймээс эндээ үлдэхээр шийдсэн. Тэгээд ч Ази тив надад илүү ээлтэй байх шиг санагдаад байдаг юм. Уг нь Гер­маны агентлагтай гэрээ байгуулсан бол жилийн 80 мянган евро авах байсан. Хоёр тивийн ялгааны хувьд тэгтлээ ялгараад байхгүй дээ. Гэрээний заалт, хугацаа, цалин хөлсний ялгаа л байхаас бусдаар онцын өөрчлөлт байдаггүй. Харин нэг зүйл сонирхуулахад намайг хүмүүс жаахан этгээд царайтай гэчих гээд байдаг. Японд байхад тэндхийн загвар зохион бүтээгчид "Энэ загвар чиний л царайнд то­хир­но" гээд ирдэг байсан. Тэ­гэхээр жаахан эрлийздүү төрхтэй байж магадгүй л юм.

-Германы саналаас тат­галз­сан гэхээр Сингапурт болом­жийн цалинтай ажилладаг уу. Ер нь гэрээний дүн загвар өмсөгчдийн чансааг харуулдаг юм шиг ээ?

-Мэдээж хэрэг туршлагатай моделийн нэгд зүй ёсоор тоо­цогддог учраас өндөр цалин авдаг. Улс бүрт өөр, өөр гэрээ хийдэг учраас цалин янз бүр байдаг юм. Гэхдээ ямар ч байсан тайзан дээр нэг удаа алхахдаа 1000 ам.дол­лараас дээш цалин авч байгаа. Би мэргэжилдээ өөрийгөө зориулаад арван жил болж байна. Тиймээс өдий хэмжээнд өөрийгөө үнэлж болох байх аа. 

-Загвар өмсөхөөс гадна рек­лам, клипэнд тоглох санал ирдэг үү?

-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Сурталчилгаанд тоглоно гэдэг загвар өмсөгчдийн салшгүй хол­боотой ажил нь шүү дээ. Саяхан би Сингапурын "Сингтел" гэж то­моохон компанийн сур­тал­чил­гаанд тоглолоо. 

-Таны тоглосон кино дэлхийн хэмжээний кино наадмын тэр­гүүн байрт шалгарлаа. Кино­ныхоо талаар ярихгүй юу?

-Хамгийн богино хэмжээний киноны олон улсын наадам гэж болдог юм билээ. Уг наадамд оролцох бүтээл гурван минутаас хэтрэх ёсгүй байдаг. Би уг кино наадамд оролцсон "Тогоруу авхай" киноны гол дүрийг бүтээсэн. Уг кино тун амжилттай оролцож наадмын тэргүүн байрыг шагналыг ав­чир­лаа. Кино маань ерөнхийдөө нэгэн бүсгүйн даашинз урласан тухай гардаг. Тэрээр даашинзаа хар өдөөр чимэглэсэн ч өд нь гэнэт алга болсноо эргээд олддог. Эмэгтэй тэрхүү даашинзаа өмсөөд нэг тийшээ явсан ч өөрөө мөн л гэнэт хаа нэг тийшээ алга болж, зөвхөн даашинзаа үлдээдэг тухай гардаг юм. Кинонд тоглох саналыг Син­гапурын загварын дүр төрхийг тодорхойлогч Стэнли Луй тавьсан юм. Тэр бол мэргэжлээрээ өндөр нэр алдарт хүрсэн хүн. Тиймээс түүнд татгалзах эрх надад бай­гаагүй. Тэгээд ч тун сонирхолтой санагдсан учраас дүрээ ам­жилт­тай бүтээлээ. 

-Найруулагч нь ямар хүн бай­сан бэ. Зураг авалт хэдий хуга­цаанд үргэлжилсэн бол?

-Найруулагч нь Алиса Синг. Өдгөө Нью-Йоркийн кино академид суралцаж байгаа хүн. Кино зураг авалт хоёр өдөр үргэлжилсэн. Хэдийгээр миний хийдэг ажлаас өөр, хүнд байсан ч даваад гарлаа. Авангард төрлийн уг кинонд би Сингапурын нэртэй загвар зохион бүтээгч Мэт Таны бүтээлийг өмс­сөн. 

-Ингэхэд эх орондоо хэзээ ирэх вэ. Монголдоо хийж бүтээе гэсэн зүйл олон байгаа байх?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард нутагтаа оччихоод ирсэн. Одоо сонгуулийн дараа дахиж очно. Ер нь зав чөлөө гарах бүрт гэр рүүгээ гүйнэ шүү. Хэдийгээр харь улсад олон жил ажиллаж байгаа ч гэлээ Монголоо гэсэн сэтгэлээ алдаагүй ээ. Тиймээс аль болох эх орон руугаа тэмүүлдэг. Ирэх бүрт л өөрчлөгдөж, өнгөө өөрчлөн хөгжиж байгаад баяртай байдаг юм. Харин эх орондоо хэзээнээс ажиллаж эхлэхээ хараахан хэлж мэдэхгүй байна. Баттай хэлж чадах зүйл бол ямар ч байсан гадаадад уус­чи­халгүй эх орондоо, дөрвөн уулын­хаа дунд ирж амьдарна. Мэ­дээж загварын чиглэлээр ажиллах байх. Мөн бизнесийн чиглэлээр ч ажиллаж магад. Би Сингапурт ажиллахын зэрэгцээ Английн Сан­дэр­лэндийн их сургуульд Биз­несийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа. Эхлээд Син­гапуртай байгуулсан гэрээний хугацаагаа дуусгана даа. Хийж бүтээхийн тухайд гэвэл гадаадаас ч гэлээ өөрийнхөө мэргэжлийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Жил бүрийн "Гоёл" наадамд оролц­дог юм.

-Тэгвэл Монголынхоо заг­варын тайзан дээр алхдаг л юм­ байна шүү дээ?

-Би "Гоёл" наадамд өөрөө орол­­цоод байя гэж боддоггүй юм аа. Тухайн ажиллаж байгаа ор­ныхоо загвар зохион бүтээгчдийг урьж оролцуулахыг зорьдог. 2011 оны "Гоёл"-д Японы нэртэй загвар зохион бүтээгч Аюумиг урьж ав­чирсан. Харин өнгөрсөн жил Син­гапурын Пол Натаполыг ирүүллээ. "Гоёл"-д гадныхан оролцоод бай­вал энэ наадам маань илүү олон улсын шинжтэй болох болов уу гэдэг үүднээс ингэж зохион бай­гуулдаг юм.

-Одоо ажиллаж байгаа агент­лагийнхаа тухай сонирхуулбал?

-Манай "Дива" агентлаг дээд зэрэглэлийн, загварлаг төрхтэй моделиудаараа алдартай. Ямар ч агентлаг өндөр зэрэглэлийн мо­делиуд төрүүлэх эцсийн зорил­готой байдаг. Тэр зорилгодоо хүрчихсэн л газар.

Түүний тоглосон богино хэмжээний киног үзэхийг хүсвэл http://www.inet.mn/?vfile=9&vmet_id=52650&vmet_main=5274&vdate=&vl=archive энэ холбоосоор дамжина уу.

С.Алтанцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top