Төв аймгийн Аргалант, Баянхангай, Алтанбулаг сумын нутаг хамран оршдог Хустайн нуруунд 13 буга агнасан хэрэг гарчээ. Уг хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас пүрэв гаригт шилжих шөнө гарсан бөгөөд бугын чив, цусан эвэр, сүүл зэргийг аваад сэг зэмийг нь орхин явжээ. Хэрэгтнүүд одоог хүртэл баригдаагүй бөгөөд тус хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна. Анх зөвхөн Хустайн нуруунд хийсэн тооллогоор /1993 он/ 54 буга байсан бол өнгөрсөн жил 780 гаруй байна гэсэн албан бус тоо байдаг. Жилд 250 гаруй согоо төллөдөг ажээ. Нийт 50 гаруй мянган га газар нутагт ховордсон амьтад нутагшиж байдаг байгалийн цогцолбор газарт сүүлийн жилүүдэд хууль бус хулгайн анчид халдах болсон. Улсын тусгай хамгаалалтад байдаг Хустайн нуруу байнгын өндөр хамгаалалтад байдаг ч ангийн төрлийн хэрэг гарсаар байх болжээ. Хамгаалагчдын гарт дассан амьтад буутай хүнээс үргэж зугтаахгүй буудуулдаг гэж байгаль хамгаалагчид тайлбарлажээ. Үүнийг анчид овжин ашиглаж ямар ч ул мөр үлдээлгүй зугтаж чаддаг байна. Буга агнасан хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгвөл 10 сая төгрөгөөр урамшуулах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )