С.Бямбацогт УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан багын найзуудтайгаа уулзахдаа Ховд нутгийг хөгжүүлэх талаар санаа бодлоо уралдуулжээ. Багын найзууд гэж 1970-аад оны залуус аж. Ховдод төрж өссөн, энэ нутагт ажиллаж амьдарч байсан, иргэдийн итгэлийг дааж УИХ-д сонгогдсоны хувьд ч түүнд нутаг орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах хүсэл байсан нь мэдээж. Ийнхүү ярилцах зуур Ховдод Соёл амралтын хүрээлэн байгуулах санал гарчээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт эл санааг шууд өлгөн авч, төсөл бичсэн байна.
Эрхэм гишүүнийг хүүхэд байхад “Талын хашаа” хэмээх тоглоомтой ганцхан гудамж байж. Тэнд ганц гулгуур, цөөн хэдэн модон тоглоомоос өөр зүйл байгаагүй гэнэ. Энэ төслөө нутгийн ах, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нарт танилцуулснаар удалгүй ажил хэрэг болжээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр Баруун бүсийн соёл амралтын хүрээлэн нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүнд Э.Бямбацогт, Баруун бүсийн соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтад оролцсон бүхий л аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн аймаг, сумаа төлөөлөн ирсэн 10 мянган хүүхэд энэ өдрийн нэгэн чимэг боллоо.
Баруун бүсийн соёл амралтын хүрээлэнг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Ховдын бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжиж байна.
Аймгийн залуус маань хөдөлмөрлөж, их ажлын ард гарсанд баяртай байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай аймагт 148 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Энэ жил уг хөрөнгө оруулалтын хагастай тэнцэх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтыг хийхдээ аймгаа хөгжүүлэх, аймгийнхаа замыг барьж байгуулах, цахилгаан эрчим хүчтэй болгох, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарах болно.
Үүний нэг тодорхой жишээ нь 4.2 тэрбум төгрөг зарцуулж өнөөдөр та бидний хүлээж авах гэж байгаа Баруун бүсийн соёл амралтын хүрээлэн юм. Бид хөрөнгө оруулалтын ажлыг хамтран хийсэн.
Гэхдээ энэ ажлыг санаачлагч нь Э.Бямбацогт гишүүн юм шүү. Аливаа ажлын санааг эхлэн гаргана гэдэг бүтээн байгуулалтын 50 хувийг хийсэнтэй тэнцдэг. Иймээс Э.Бямбацогтод баяр хүргэе. Мөн аймгийн удирдлагууд ихээхэн зүйл хийсэн.
Тодруулбал, аймгийн Засаг даргын удирлага дор энэ ажил бүтсэн. Бидний санаж санаачилсан ажлыг Г.Нямдаваа ажил хэрэг болгосон” хэмээгээд хүүхэд бүрийг мод тарихыг хүслээ.
Манай улсын хүн амын 70 хувь нь хүүхэд залуучууд. Аливаа улс орон хүүхэд залуустаа хэр их хөрөнгө оруулалт хийж байна, тэр хэрээрээ тухайн улсын бодлого өөдрөг байх боломж бололцоо бүрддэг гэдэг. Тэгвэл Ховдоос сонгогдсон төрийн түшээд хүүхэд залуусынхаа хөгжилд анхаарч Улаанбаатарынхаас дутахгүй Соёл амралтын хүрээлэнг цогцлоожээ. Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, усан сан, нисдэг завь, галзуу хулгана, алсыг харагч, эргэдэг сандал, агаарт дүүлэгч, мөргөлддөг машин зэрэг 13 тоглоом бий.
Үүнээс гадна долоон хэсгээс бүрдсэн спортын иж бүрэн цогцолбор, ариун цэврийн байгууламж, оффисийн байр, утасгүй интернэттэй. Мөн камержуулалтын системтэй бөгөөд хүмүүс амрах сүүдрэвч, 10 мянган ширхэг 11 төрлийн мод сөөг суулгажээ. Ховд аймаг Улаанбаатараас 1500 орчим км хол. Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завханы хүүхдүүд хотод очиж хүүхдийн паркад тоглоно гэвэл 1800 орчим км туулах шаардлага гарна. Харин Ховдод ирээд хүссэн тоглоомоороо тогловол цаг зав хийгээд халаасны хэдэд нь ч хэмнэлттэй.
Энэхүү Соёл амралтын хүрээлэн 80 настай буурлууд амарч хуучлах газартай, хүүхдүүд чийрэгжих спортын талбайтай, бүр бага насны хүүхэд ч тоглох олон тоглоомтой аж. Товчхондоо, олон ястан ард иргэдийн сэтгэлд гэрэл гэгээ авчирсан их бүтээн байгуулалт болжээ. Үнэхээр цугласан олон хүүхдийн нүүрэнд тодорч буй баяр баясгалан үүнийг батална. Ховд аймаг 18 хүртэлх насны 33 мянган хүүхэдтэй бөгөөд нээлтэд 10 мянга нь ирсэн.
Хөдөөгийн хүүхдүүд сургийг нь сонсоод л аав ээжийгээ “шаналгах” сайхан амралт, чөлөөт цагийн өргөө болсон нь олон зүйлээс анзаарагдаж байлаа.
Г.Нямдаваа: ЭЕ ЭВИЙН СУВАРГЫГ 21 ХОНОГ БАРЬСАН
Ховдод хол ойрынхон цугладаг Эе эвийн суварга байдаг. Нээлтийн үеэр аймгийн Засаг даргаас цөөн асуултад хариулт авлаа.
-Иргэд, хүүхэд багачууд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлагууд хамтарч сэтгэлд хүрсэн том бүтээн байгуулалт хийлээ хэмээн хэлж байна. Ховдод өөр ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?
-Өнгөрсөн жил аймгийн 80 жилийн ойг угтаж олон шинэлэг ажил зохион байгуулсан. Үүний нэг нь Эе эвийн суварга юм. Гадаадын олон орны туршлагаас харахад “Токио таур” гэх мэт 100 гаруй өндөр барилга барьж, хамгийн дээд давхарт задгай ресторан нээж хотоо танилцуулдаг нийтлэг дэг жаяг байдаг. Үүнээс санаа авсан. Гэхдээ бидэнд өнөөдөртөө 100 давхар барилга барьчих чадал байхгүй учраас байгалийн үзэсгэлэнт газраа ашигласан. Тодруулбал, нутгийн олны Ямаат улаан гэж эртнээс шүтэж ирсэн уулын өндөрлөгийг ашиглаад оройн хэсэгтээ суваргатай амралт зугаалгын бүс барьсан. Хотынхон ирэхээрээ “Ховдын Зайсан” гэж нэрлэдэг. Эе эвийн суварга гэж нэрлэсэн нь манай Ховдод олон ястан үндэстэн байдагтай холбоотой. Ард иргэд маань олон зуун жилийн турш эвтэй хамтарч ажиллаж амьдарч ирсэн. Цаашдаа ч мөнхөд ийм байдлаар аж төрнө. Энэхүү сайн сайхны бэлгэдэл болгож шатны төгсгөлд суварга заллаа. Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц ирж анхны шав тавьж, аравнайлсан. Хамба хэлэхдээ “Суварга дээр аялагчид бас шинэ хос галаа бадраагаад ирэх юм байна. Тэд Ховд хотоо харж ёслолоо үйлдэнэ. Сургууль төгссөн хүүхдүүд ч ирж байх ариун дагшин газар сонгожээ” гэсэн.
-Эе эвийн суваргыг хэдэн төгрөгөөр бүтээсэн бэ?
-Хандив тусламжаар бүтээсэн. Цугларсан мөнгөөр зөвхөн барилгын материал авсан. Санаагаа гаргачихаад зураг төсөл гаргадаг компаниас асуухад 145 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан. Иргэдийн хандив тусламжаар 46 сая төгрөг цуглуулсан. Гүйцэтгэх ажлыг аймгийн хууль, хяналтын байгууллагууд хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, зэвсэгт хүчнийхэн, онцгойнхон гээд залуус маань ямар цалин хөлсгүйгээр 21 хоногт ажилласан.
Э.Бямбацогт: ЗАВХАН, УВС, БАЯН-ӨЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ТОГЛОХЫГ ХАРАХ САЙХАН БАЙНА
-Соёл амралтын хүрээлэнг барих хөрөнгөө хаанаас босгосон бэ?
-Аав ээжүүд үр хүүхдээ баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. Ийм нэг эцэг хүний адилаар гурван хүүгээ, бусад хүүхэд багачуудыг аз жаргалтай амьдраасай гэсэндээ Баруун бүсийн соёл амралтын хүрээлэнг байгуулах төсөл бичсэн. УИХ-ын гишүүн болчихоод нутгийнхаа залуустай жил бүр уулздаг байсан. Залуустайгаа нутаг орноо яаж хөгжүүлэх, сайн сайхан юуг бүтээх вэ гэж ярилцаж суухад парк байгуулах санаа гарсан. 2009 оны уулзалтаар ийм санаачлага гарч, үүнийг хэрэгжүүлье гэж зоригжоод зүтгэж эхэлсэн. Энд Завхан, Увс, Баян- Өлгийн хүүхдүүдийн тоглохыг харах сайхан байна. Хүүхэд бол хүүхэд, хот хөдөөгийнх гэж ялгах ёсгүй. Тиймээс хөдөөгийн хүүхдүүдийн аятай тухтай тоглох нөхцөлийг бүрдүүллээ. Хөрөнгө оруулалтын тухайд гишүүний тэрбумаа өгсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмж орсон. Дээрээс нь тохижилт ногоон байгуулалтад байгууллагууд хандив өгсөн. Улаанбаатар хотын паркийн бүтээн байгуулалтад 32 тэрбум төгрөг орсон гэсэн. Ховдын парк таван тэрбумаар боссон. Гэсэн ч хотынхоос тоглоомоор дутахгүй. Харин ч зарим усан тоглоомоор илүү. Дээрээс нь хөл бөмбөг, сагс, волейболын талбайтай. Мөсөн гулгуур, дугуй, гүйлтийн талбайтай. Биеийн тамир спортоор хичээллэх аятай нөхцөл бүрдсэн.
Баяр хөөрөөр бялхсан бяцхан жаалуудын сэтгэгдлийг сонслоо.
Таван настай М.Халиунаа: ПАРК ХАМГИЙН ГОЁ
-Хүүхдийн баяр гоё, тийм ээ?
-Паркад тоглох хамгийн сайхан байна. Хүүхдийн баяр бас гоё л доо.
-Ямар тоглоомоор тоглов?
-Нисдэг тоглоом, мөргөдөг тоглоом тоглосон. Аяган дээр суулаа. Одоо морин тойруулга дээр сууна. Тасалбар олдохгүй хэцүү юм.
Ж.Мэнд-Амгалан: ЁСТОЙ ГОЁ БАЙНА
-Миний дүү хэдэн настай вэ?
-Бэлтгэлд сурсан. Намар жинхэнэ сурагч болно.
-Тоглоом гоё байна уу?
-Пуужин дээр суулаа. Морин тойруулга дээр тоглолоо. Ёстой гоё байна.
-Өмнө нь хүүхдийн баяраар хаана тоглодог байсан бэ?
-Өө яана аа, мартчихаж. Ийм тоглоом дээр өмнө нь тоглосон бол мартахгүй л дээ.
Д.МЯГМАРЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )