Г.Гантөмөр: Аливаа асуудлыг улс төртэй холбож болохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Стратегийн удирдлага төрийн захиргааны хэлтсийн дарга П.Тунгалаг болон холбогдох албаны хүмүүс өнгөрсөн пүрэв гаригт 13 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх мэдээлэлд няцаалт хийлээ.

Тэд хууль бусаар томилогдон ажиллаж байсан болон зөрчил гарган ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн хийсэн мэдээлэл нь ямар ч баримтгүй, төрийн албан хаагчийн нэр хүндийг унагах гэсэн хэтэрхий улс төржсөн өнгө аястай болсон гэж үзэж байна.

Энэ талаар Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөртэй цөөн хором ярилцлаа.

- Мэдэгдэл хийсэн хүмүүсийн талаар?

- Өнгөрсөн пүрэв гаригт Ардчилсан намын угшилтай 13 ажилтныг улс төрийн шалтгаанаар үндэслэлгүйгээр ажлаас халлаа гэсэн худал мэдэгдэл тархсан. О.Отгонсайхан, Д.Анхбаяр, Г.Адьяа, Н.Төрболд нар нь төрийн албаны тухай хуулиудыг зөрчсөн, мөн С.Сүхбат нь өнгөрсөн сарын 04-ний өдөр хувийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг хуулийн дагуу шийдвэрлэсэн юм.

- 13 хүн ажлаас халагдсан гэж байгаа. Яагаад ингэж олноор нь ажлаас халсан юм бэ?

- Төрийн албан нь мэргэшсэн, тогтвортой байхаас гадна төрийн албан хаагчдад ёс зүйн өндөр шаардлага тавигддаг. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй, зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчиж өмч хөрөнгө үрэгдүүлж байсан зургаан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авсан. Өнгөрсөн онд тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд гэрээгээр ажиллаж байсан хүмүүсийг ч хамруулсан байна.

- Яг хэдэн хүн ажлаас халагдсан бэ. Тэтгэвэрт гарсан хүмүүс нь өөрсдөө үндэслэлгүй халагдсан гэж мэдэгдэл хийсэн юм уу?

- Зургаан хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Бусад хүмүүс нь ажлын гэрээ нь дууссан байгаа. Тэтгэвэртээ гарсан хүмүүс мэдэгдэл хийгээгүй. Тэдгээр хүмүүс гэрээгээр ажиллаж байсан бөгөөд гэрээт ажилтны цалингийн сан хэтэрсэн тул гэрээг дуусгавар болгосон юм. Тиймээс П.Цэцэгмаа, С.Домон нар нь хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгсөн.

- Тэдгээр хүмүүс ардчилсан намын угшилтай гэсэн шалтгаанаар ажлаас халсан гэж байсан. Энэ үнэн үү?

- Худлаа. Бид намын харьяаллаар асуудал шийддэггүй. Ер нь би тэднийг аль нам гэдгийг ч мэдэх боломжгүй. Яагаад гэвэл ажлын анкетанд байдаггүй юм. Тиймээс энэ мэдээлэл баримтгүй бөгөөд энэ асуудлыг улс төртэй холбож болохгүй.

Х.Даваа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top