Шударга шүүхийг юунаас ч илүү хүсч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

Египетийн экс ерөнхийлөгч Хосни Мубаракийг шүүх, шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр болж түүнд насаар нь хорих ял оноосон. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газраа эсэргүүцэн боссон 840 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутган шүүж ялласан нь энэ юм. 10 cap гаруйн хугацаанд үргэлжилсэн тус шүүх хурлын үйл ажиллагаанд Хосни Мубарак янз бүрийн байдалтай ирж байсан. Өөрөөр хэлбэл тэрбээр тэргэнцэртэй, эмнэлгийн дамнуургатай шүүх хуралд оролцож байсан юм. Энэ шүүх хурал олон удаа түүний эрүүл мэндийн байдлаас болж хойшилж байсан. Зөвхөн Хосни Мубарак ч биш дэлхийн олон удирдагчид иймэрхүү байдалтайгаар шүүхийн хаалга татаж байсан түүх бий. Энэ бол яалт ч үгүй хийгдэх ёстой шүүх хурал. Үүнийг ганцхан би ч биш дэлхий нийт түүний гэм буруутай гэдгийг нотолж яллахыг хүлээж байсан.

Яг Египетэд болсон жагсаал цуглаан, хүний амь нас эрсэдсэн тохиолдол манай улсад одоогоос дөрвөн жилийн өмнө болж байсан. Ард түмэн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал цуглаан хийснээр таван хүн амь насаа алдсан өдөр буюу 2008 оны долоодугаар сарын нэгний өдрийг санагдуулж буй. Таван хүн гэдэг цөөхөн мэт санагдавч манай улсын хувьд их тоо. Одоогоор таван хүний амь насанд хүрсэн энэ үйл явдлын гол буруутан нь хэмээн шүүгдэж байгаа нь цагдаагийн байгууллагын экс дарга нар. Тэдэнд холбогдох шүүх хурал зургаа дахь удаагаа хойшилж нэлээдгүй урт хугацааг ардаа орхиж. Эцэс сүүлд нь тэднийг хагалгаанд ороод нэг ч хоноогүй байхад нь хүчээр албадан шүүх хуралд оролцуулна хэмээн дамнуургатай, тэргэнцэртэй нь авч явсан. Яг л Хосни Мубарак шиг. Дэлхийн томоохон улсын ерөнхийлөгчийг дамнуургатай авч яваад ял оноогоод байхад хэдэн генерал хурандаа нарыг яадаг юм гэх бодол төрж байж магадгүй л юм.

Гэхдээ Хосни Мубарак шүүх хуралд дамнуургатай ирсэн ч хагалгаанд ороогүй биеийн байдал тийм ч муу байгаагүй. Харин Долоодугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж буй экс дарга нар хагалгаанд ороод нэг ч хоноогүй хөдөлж чадахгүй байсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Чухам ямар учраас яагаад тэдний эрүүл мэндийн байдал муу байсаар байгааг мэдсээр байж ийн авч явав. Тэднийг Шастины нэрэмжит III эмнэлгээс авч явах үед нэлээдгүй их асуудал болсон. Генерал хурандаа нарын биеийн байдлын талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Төмөр-Очир дүгнэлт гарган өгч Сүхбаатар дүүргийн шүүхийнхэнд үзүүлжээ.

Харин тэд эмчийн гаргаж өгсөн өвчний магадалгааг хуурамч аятай бодож бид арыг нь даая хэмээн гарын үсэг зураад авч явсан. Гэтэл яг одоо шүүх хурал хийх гэж байна хэмээн тэднийг үхэл амьдралын зааг дээр дэнжигнүүлэн байж цагдан хорих 461 дүгээр ангид аваачсан ч шүүх хурал нь хойшилсон. Өмгөөлөгчид нь ч ирээгүй. Ингээд тэднийг клиник эмнэлэг рүү нь буцаан явуулах байх гэж олон хүн бодож байсан. Гэтэл энэ байдал эерэгээрээ эргэж тэднийг цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргасан. Энэ явдлын дараа генерал хурандаа нарын ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүх болон ШШГЕГ-т клиник эмнэлэгт хэвтүүлэх талаар мэдүүлэг болоод хүсэлт гаргасан ч тэднийг нохой хуцсан чинээ ч тоогоогүй. Түүгээр ч үл барам Сүхбаатар дүүргийн шүүхээс тавдугаар сарын 31-ний оройн 17.00 цагт гэнэт хурал зарлаж тэдний биеийн байдлын талаар болоод өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Тэдний хэлж буйгаар цагдаагийн байгууллагын экс дарга нар шүүх хуралд оролцохгүй хэмээн баашилсан гэнэ. Тэд шинжилгээ хийлгэх гэж клиник эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч хагалгаа хийлгэх шаардлагатай болсон учир хэд хоног эмнэлэгт хэвтсэн. Одоо тэдний бие муу биш байгаа. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд биеийн байдал нь дордохгүй. Тиймээс цагдан хорих ангийн эмнэлгээс шилжүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн юм. Гэтэл тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид авчирч буцаан явуулахгүй гэх шийдвэр гарсны дараа тус хорих эмнэлгийн дарга н.Дамдинсүрэн бид эмчилж чадахгүй. Клиник эмнэлэг рүү шилжүүлэх нь дээр гэж удирдах хүмүүст нь хэлж байсан байх юм. Гэвч түүний үгийг ч мөн адил үл тоосон.

Аргаа барсан ар гэрийнхэн нь цагдан хорих 461 дүгээр ангийн даргатай уулзаж шилжүүлж өгөхийг хүссэн боловч шүүхээс намайг явуулж болохгүй гэж дарамтлаад байна гэсэн байх юм. Дарамтлуулсан хүн нь ганцхан цагдан хорихын дарга ч биш. Шастины нэрэмжит III эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Төмөр-Очир тэднийг явуулахгүй гэснийхээ төлөө Сүхбаатар дүүргийн шүүхээс хатуухан сануулга авсан гэх. Муу нь муудаа жанжин, муна нь гадсандаа жанжин гэгчээр тэднийг ийн айлгаж дарамталсан этгээд нь Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Сарантуяа, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Соёмбо-Эрдэнэ нар гэх. Уг нь шүүх байгууллага гэдэг шударга ёсыг тогтоодог байгууллага л байлтай. Дарамтлагч биш. Гэтэл өөрийн ажил үүргээ гүйцэтгэж өвчтөнийхөө биеийн байдлыг муу байна гэдгийг мэдэж буй гуравдугаар эмнэлгийн эмч Ц.Төмөр-Очир, эмчилж чадахгүй гэдгээ хэлсэн 461 дүгээр цагдан хорих ангийн эмнэлгийн дарга Дамдинсүрэн нарт яагаад итгэхгүй, үгийг нь үл тоомсорлов.

Шүүхийнхэн хуулиа сайн мэддэг шиг эмч нар өвчтөнөө сайн мэдэж байгаа биш гэж үү. Ингээд харахаар энэ бүхнээс нэг зүйл хамгийн тод бөгөөд ард түмэнд ойлгомжтой харагдаж байна. Тодруулбал, шүүх хурал болдог тэр өдөр 461 дүгээр ангид шүүгдэгч нарыг хүлээж байх хооронд тэднийг өмгөөлөх өмгөөлөгчдийн нэг нь ч ирээгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчид сохорчихсон биш л бол харж л байсан байх. Энэ нь шүүх хурал хойшилно гэдэг нь ойлгомжтой, мэдэж байсан гэсэн үг. Үүнийг мэдсээр байж яах гэж бие нь муу байгаа, хагалгаанд ороод нэг ч хоноогүй, оёдол нь аниагүй тэднийг авчирсны учир юун. Магадгүй тэднийг дэндүү удаан буюу 14 хоног эмнэлэгт өөрсдийн дураар байгаад дургүй нь хүрч яаж авчрах аргаа олж ядан тэсч байсан нь энэ биз гэж бодмоор.

Аз болж шүүх хурал болох өдөр нь ирж тэднийг хүчээр албадан авч явсан нь энэ байх. Өнөөдөр тэдний буруу зөвийг нь шүүж хэн буруутайг тогтоох нь шүүхийн үндсэн үүрэгт ажил. Үүнийг эсэргүүцэж байгаа зүйл огтхон ч байхгүй. Хамгийн гол нь шударга шүүх хүнээ дээдэлсэн шүүх байхын төлөө ажиллана гэдэг биш билүү. Шударга, худал хуурмагаас ангид, авлига хээл хахуульгүй шүүхийг бий болгоно гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амласан биш гэж үү. Хэрвээ та энэ бүхнийг эрүүл хүний оюун ухаанаар бодож харж байгаа бол энэ таны хүсч хүлээж, болгохын төлөө бүхнээ хийнэ гэж амлаж байсан шүүх тогтолцоо мөн гэж үү. Үүнийг хараад нүдэн балай чихэн дүлий сууж байгаа бол энэ улсад шударга шүүхийг байгуулна гэж ярихын хэрэг юун. Ер нь энэ хэрэгтэй холбогдуулаад ярихад Египетийн экс ерөнхийлөгч Хосни Мубарак 840 гаруй хүнийг буудан амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан.

Гэхдээ амиа алдсан бүх хүнийг Хосни Мубарак ганцаараа буудаж алаагүй нь лавтай.Үүнийг нь гүйцэлдүүлэх доод албан тушаалтнууд энд оролцсон л байж таарна. Гэхдээ түүний тушаалын дагуу үүрэг гүйцэтгэсэн доод албан тушаалтан биш тушаал өгсөн Египетийн ерөнхийлөгч өөрөө бүх хариуцлагыг үүрч ялаа эдлэхээр болсон нь энэ юм. Гэтэл манай улсад гадны улс оронд үйлчлээд байгаа хууль эсрэгээр байгаад гайхаад барахгүй нь. Өөрөөр хэлбэл тушаал өгсөн хүн биш үүрэг гүйцэтгэсэн хүнийг нь шийтгэх гээд байгаа юм. Үүний хамгийн тод жишээ нь экс дарга нарын хэрэг болж таарч байна. Хууль журмын дагуу бол тухайн үед төрийн эрхийг барьж байсан эрхмүүд болоод тэрхүү жагсаал цуглааныг өдөөн турхирч эхлүүлсэн хүмүүсийг юу юунаас илүү шүүх ёстой биш гэж үү. Гэтэл хамгийн түрүүнд шүүгдэх ёстой хүмүүс нь УИХ-ын гишүүн болчихсон, шүүх хуралд гэрчээр дуудагдан ирж байсан. Юманд дэс дараалал гэж байдаг бол эхлээд тушаал өгсөн хүн дараа нь түүнийг биелүүлсэн нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой биш гэж үү.

Эцсийн эцэст цагдаагийн байгууллагын дарга гэж байгаа боловч тэд нэрнээс цаашгүй. Улс төрийн золиос болж тэдний аясаар хөдлөх утсан хүүхэлдэй байсан. Магадгүй тэд утсан хүүхэлдэй биш айх зүйлгүй байсан бол өдий дөрвөн жилийн турш байцаагдан шалгагдаж гэмт хэрэгтэн гэх нэр зүүж явахдаа тушаал өгсөн хүний нэрийг яагаад хэлчихэж болоогүй юм. Тэгэхээр тэдний цаана том ар тал болоод тэднийг дарамтлах нэгэн байгаа гэдэг нь ойлгомжтой биш байна гэж үү. Тэдний оронд тухайн үед төрийн өндөрлөгт байсан хүмүүс шүүхийн өмнө зогсож байхыг үгүйсгэх аргагүй юм. Ингээд бодохоор 2008 оны долоодугаар сарын нэгний өдөр суманд өртөж таван хүн амь үрэгдсэнийг 840 хүний амь үрэгдсэн гэж бодон энэ хэрэгтээ холбоотой хүмүүсийг хатуу шүүх хэрэгтэй. Яг л Хосни Мубаракийг шүүсэн шиг.

Хамгийн гол нь буруутай этгээдийг зөв таньж шүүх нь чухал гэдгийг хэлмээр байна. Магадгүй дөрвөн жилийн турш гэмт хэрэгтэн, алуурчин хэмээх нэрийг зүүж яваа цагдаагийн байгууллагын экс дарга нар буруугүй байх ч юм билүү. Шударга, ардчилсан, авлига хээл хахуульгүй шүүх гэж байдаг л бол энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал нэлээдгүй их шуугиан тарина. Харин хэн нэгний нөлөөнд автаж мөнгө харан алхаа цохих юм бол хөөрхий дөө, цагдаагийн экс дарга нар хэмээн ард түмэн нь амандаа үглэсээр дуусах биз.

Г.Төгс

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮХЭЭС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ
Сүхбаатар дүүргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа болно. Энэ хугацаанд Цагдан хорих 0461 дүгээр ангийн эмнэлгийн хүсэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээний 3 дугаар шатлалд хийгдвэл зохих клиник лаборатори, багажийн стандарт шинжилгээнүүдийг хийлгэхээр Ч.Амарболд, О.Зоригт нарыг П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, хийлгэвэл зохих шинжилгээ мэс ажилбарыг гүйцэтгэж дууссан байна. Тухайлбал Ч.Амарболд 2012 оны 5-р сарын 28-ны өдөр элэгний судасны ангиограсрийн шинжилгээ, мөн доод мөчдийн тараагуур судасны бөглөрөл шалгах шинжилгээнд орсон.

Шүүгдэгч О.Зоригтод 2012 оны 5-р сарын 04-ний өдөр зүрхний титэм судасны ангиографийн шинжилгээ, доод мөчдийн тараагуур судасны ангиографийн шинжилгээ хийж цус цэвэрлэх, шүүх эмчилгээг 2 удаа хийсэн байна. Мөн 2012 оны 5-р сарын 24-ний өдөр зүрх судас болон зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан шийдвэрээр зүрхний үнхэлцгийн хөндийгөөс шингэн авах мэс ажилбар хийгдсэн байна.
Дээрх байдлаар шүүгдэгч нар хийгдэх шаардлагатай гэж үзсэн эмчилгээ, үйлчилгээг авсан байх бөгөөд цаашид хийгдэх эмчилгээ, сувилгаа болон эмнэлгийн хяналтын тухайд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очироос 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдлын талаарх тодорхойлолтод онош, эмчилгээний заалтын дагуу төрөлжсөн мэргэжлийн эмч нарын байнгын хяналт зөвлөгөөний, дагуу эмийн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж заасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүх төрөлжсөн мэргэжлийн эмч нараас тогтоосон эмчилгээ, сувилгааны зааврын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартын 2 дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг Цагдан хорих 0461 дүгээр ангийн эмнэлэгт энэ хяналт, эмчилгээг үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Нэмж хэлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх тухай 2005 оны 37/64 дугаар хамтарсан тушаалын хавсралтын 3.3-д "Эрүүл мэндийн сайдын 2005 оны 25 тоот тушаалын 2 дугаар хавсралтын нэг,хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, ёс, аран, арван нэгд "дурьдсан өвчнөөр цагдан хоригдсон этгээд өвчилсөн нь Нийслэл дэх цагдан хорих төвийн, эсхүл аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр тогтоогдсон бол уг этгээдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг энэ журмын 3.4,3.5-д заасны дагуу зохион байгуулна.

3.7-д "Энэ журмын 3.3-т заасан өвчтөний талаар тухайн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцэн үргэлжлүүлэн хэвтүүлж эмчлэх асуудлыг шийдвэрлэн энэ тухай цагдан хорих байрны захиргаанд мэдэгдэнэ" гэж заасны дагуу ямар нэгэн байдлаар эмч нарын зөвлөгөөний шийдвэр өнөөдрийг хүртэл манай шүүхэд ирээгүй байна. Өөрөөр хэлбэл П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очирын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээс өөр ямар нэгэн дүгнэлтийг эмнэлгийн байгууллагаас гаргаагүй. Дээрх журмын 3.10-т "Цагдан хоригдсон этгээдийн биеийн байдал хүнд буюу тусгайлан асаргаа сувилгаа шаардлагатай бол ар гэрийнхний нь хүсэлтийг харгалзан мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрлөөр Түр" сахиуртай байлгаж болно гэснийг П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан шүүгдэгч Ч.Амарболд зөрчиж, гэр бүлийн хүмүүс нь шүүхийн зөвшөөрөлгүй сахиж байсан.

Шүүгдэгч Ш.Батсүхийн эрүүл мэндийн талаар ямар нэгэн албан бичиг, эмч нарын зөвлөгөөний шийдвэр тус шүүхэд ирээгүй болно.
Иймд цаашид дээрх нэр бүхий хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудлыг 2 дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг 0461 дүгээр ангийн эмнэлэг, түүний дарга Дамдинсүрэн хариуцах болно.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top