Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05


1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн энэ өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан билээ. Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулагддаг уламжлалтай. Тухайлбал 1973 онд “Ганцхан эх дэлхий” уриан дор явагдсан байна. 1987 оноос эхлэн улс орнууд өөр өөр уриан дор санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд 2012 оны Дэлхийн байгаль орчны өдрийг Бразиль улсын санаачилгаар ”Ногоон эдийн засаг: Энэ танд хамаатай юу” гэсэн уриан дор зохион байгуулж, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ногоон эдийн засаг нь байгаль орчны хомсдол, алдагдал, эрсдэлгүйгээр хүн төрөлхтний нийгмийн сайн сайхны хэмжээг тогтоох хөгжлийн арга зам юм гээд хамгийн наад захын жишээ нь нөөцийн үр ашигтай байдал ба нийгмийн үйлчилгээний явцад нүүрсхүчлийн хийн бууралт хамгийн их байх шийдэл хэмээн тодорхойлсон байна.

Манай улсын хувьд энэ өдрийн хүрээнд БОАЖЯ-наас бодлогын шинжтэй үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа бол нийслэлийн байгаль хамгаалах газраас нийслэлийн ногоон бүсийн зуслангийн 70 мянга гаруй айл өрхөд улирлын болон байнгын шинжтэй байгаль орчинд холбогдсон мэдээлэл сургалтын төвийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа гэнэ. Мөн Төгрөгийн гол дагуу 40 га газрыг хамарсан зурвас байгуулах ажлыг эхлүүлээд байгаагаа мэдэгдсэн юм.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top