Сэлэнгэчүүд Засгийн газарт ам сайтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгохын төлөө зүтгэж, эдийн засгаа өсгөн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, уул уурхайн орд газруудыг эргэлтэд оруулан, байгалийн баялгаас орж ирэх мөнгийг шударгаар хуваарилж байгаа гүйцэтгэх засаглалын ажилд Сэлэнгийн иргэд ам сайтай байна. Цаашид олсон амжилтаа бататгаж, улам эрч хүчтэй ажиллахыг Сэлэнгэчүүд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захилаа. Засгийн газрын тэргүүн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хоймор нутаг-Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрээр энэ өдөр Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг нь сонссон байна.

Энэ Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн нь дэлхийд эхний гурван байранд орох үзүүлэлт. Мөн ажилгүйдлийг 7 хувь, ядуурлыг 10 орчим хувиар бууруулж чадсан нь иргэдтэйгээ хамтран ажилласны үр дүн гэж Ерөнхий сайд С.Батболд тодотголоо. Эдийн засаг өсөх нэг хэрэг. Хамгийн гол нь энэ өсөлтийн үр шимийг иргэн бүр, айл өрх бүрт хүргэхийн төлөө цаашид ч хийж хэрэгжүүлэх ажил их бий. Ямар ч байсан энэ Засгийн газар өнгөрсөн 4 жилд  мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтоо бүрэн биелүүлж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, иргэдтэйгээ уулзахад ч нүүр бардам байна гэж тэрээр онцолж байлаа. Өмнөө тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд нийт ард иргэд, тэр дундаа Сэлэнгэчүүдийн оруулсан хувь нэмэр асар их гэдгийг Ерөнхий сайд хэлээд хамтран ажилласанд нь талархал илэрхийлэв.

Тухайлбал манай улс гурил, төмснийхөө хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 гаруй хувийг өөрсдөө хангаж, гаднаас гуйхгүй болсон нь  Сэлэнгийн хөдөлмөрч иргэдийн гавьяа. Сэлэнгэчүүд нийт ургацын 50 гаруй хувийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ сүүлийн гурван жил дараалан ургац алдаагүй амжилтаа цаашид бататгахын төлөө хамтдаа зүтгэх ёстой. Энэ бол улс орны хүнсний аюулгүй байдалд Сэлэнгэчүүдийн оруулах хувь нэмэр гэж онцлон тэмдэглэлээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, гаргасан шийдвэрийн хэрэгжилт, үр дүнд иргэд ам сайтай байна.

“Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ сар бүр 21 мянган төгрөгийн хишиг, хувь хүртээж, цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 дахин, түүнээс дээш хувиар нэмсэн. Дээр нь 1 сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн сонголтыг иргэддээ олгосонд ихээхэн талархалтай байгаагаа олон хүн  илэрхийлж, Засгийн газрын ажилд амжилт хүсч байлаа. Иргэдтэй уулзсаны дараа Ерөнхий сайд С.Батболд аймгийн төвийн хүнсний захаар орж жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Энэ захад 500 гаруй хүн худалдаа эрхэлдэг бөгөөд Засгийн газрын тэргүүн хүнс, сүү, цагаан идээний тасгаар орсон байна. Хөдөө мал үнэтэй учир махны үнэ өндөр талдаа, гэхдээ борлуулалт гайгүй гэж худалдагч нар хэлж байв. Ерөнхий сайд шинэ оны ажлын эхний өдөр Хэнтий аймагт ажиллахдаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй зориуд уулзаж санал, бодлыг нь сонсож энэ салбарынхныг дэмжихийн тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа ч хэлж байсан юм.

Энэ удаа ч мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төр, засгаас яаж дэмжээсэй гэж бодож байна гэж Засгийн газрын тэргүүн асуулаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл авья гэхэд барьцаа шаарддаг нь хүндрэл учруулдаг, татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байдаг тухайгаа хэлээд, харин зээлийн баталгааг төр хариуцах чиглэлээр зоригтой алхам хийж байгаад Ерөнхий сайдад баярласнаа илэрхийлж байлаа. Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлэхдээ “Засгийн газар амьдралаа авч явахын тулд ажил хийе, зүтгэе гэж байгаа иргэдээ аль болох дэмжихийг зорьж байгаа. Ажлын байр бий болгож, барьцаагүй зээлийн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өгч, батлан даалтыг нь хариуцах, татварын хөнгөлөлт, урамшуулал эдлүүлэх гээд олон ажил хийж байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төв дэх энэ захын байр хуучирч муудсан учир орон нутгийн удирдлагууд шинэ зах барих хөрөнгийг шийдэж өгөхийг хүсч байсан байна. Энэ хөрөнгийг энэ оны төсөвт суулгасанд  жижиг, дунд бизнес эрхлэгчид талархалтай байгаагаа Ерөнхий сайдад илэрхийллээ. Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Шаамар сумын нутагт байрладаг “Буман нарс” ахмадын сувилалд амарч байгаа 60 орчим өндөр настантай уулзаж, ахмадуудын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулан эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөв. Энэ сувилал уламжлалт болон европ эмчилгээтэй, нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг учир Сэлэнгээс гадна хил залгаа аймаг,  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Хиагт хотын иргэд ч ирж амарч сувилуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top