Лавлагаатай иргэд цахим үнэмлэхтэй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Өнөөдөр УБЕГ-аас лавлагаатай иргэдэд иргэний цахим үнэмлэх олгож эхэлсэн тухай хэвлэлийн хурал хийлээ. Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн болон хүчингүй болгосон зэрэг шалтгаанаар иргэний үнэмлэхийн лавлагаа авсан сонгуулийн насны иргэдийг сонгуульд оролцуулах эрхийг хангахаар болсон юм. Иймээс УИХ-ын энэ оны тавдугаар сарын 18-ны өдрийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол батлагдсан аж.

Уг тогтоол гарснаар УБЕГ-аас иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг өнгөрсөн оны 12-р сарын 26-ний өдрөөс энэ оны тавдугаар сарын 1-ний хооронд авсан иргэдэд цахим үнэмлэхийг олгосон байна.

Энэхүү цахим үнэмлэхийг нийслэлийн хэмжээнд 25677, орон нутагт 12506 иргэн өөрийн харьяаллынхан дагуу тавдугаар сарын 29-ны өдөр хүлээлгэн өгчээ. Энэ хугацаанд иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэд харьяа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан иргэний цахим үнэмлэхээ авах боломжтой гэнэ. Харин тавдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрийн хооронд лавлагаа авсан сонгуулийн насны 56387 иргэний цахим үнэмлэхийг энэ сарын 10-ний өдрийн дотор хэвлэж дуусгах аж. Мөн энэ сарын 15-ны өдрийн дотор харьяа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлж, 25-ны өдрийг хүртэл иргэдэд олгож дуусгахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж С.Амарсанаа мэдээллээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top