Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутнуудад Үндэсний тэтгэлэг болгож сар бүр 70 мянган төгрөг олгож эхэлсэн. Гэхдээ энэ тэтгэлэг цаг хугацаандаа олгогдохгүй байна хэмээн оюутнууд гомдоллож байна. Албаны хүмүүс энэ талаар хэлэхдээ “Хүмүүс тэтгэлэгтэй холбоотой тогтоол, журмыг сайн уншиж танилцаагүйгээс ийм яриа гарсан. Үндэсний тэтгэлэг Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор хэрэгжиж байгаа. Үүний дагуу тэтгэлгийг суралцагчдад улирал, улирлаар өгнө” гэж тайлбарлалаа. Олонх их, дээд сургуульд тэтгэлгийн санхүүжилтийг сургуульд нь шилжүүлсэн бөгөөд харин МУИС, ШУТИС зэрэг олон оюутантай сургуулийнх одоогийн байдлаар ороогүй байна. Энэ хичээлийн жилийн эхний олголтоор нийт 141332 оюутанд тэрбум төгрөг олгогдох тооцоо гарчээ. Засгийн газрын тогтоолд арван сарын турш үндэсний тэтгэлгийг олгох бөгөөд энэ сарын 20-нд олгож дуусах аж. Мөн зургадугаар сард ямар нэгэн шалгалт, дадлага зэрэг хичээлтэй холбоотой үйл ажиллагаатай сургуулиудад тэтгэлгийг бүтэн улирлаар тооцож олгоно. Харин тавдугаар сардаа багтаад хичээл, шалгалт нь дууссан бол нийт хоёр сарын тэтгэлэг олгох аж.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )