Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

 

Энэ сарын 15-нд ДБЭТ-ын тайзнаа нэгэн өвөрмөц тоглолт болох гэж буй нь Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 85, симфони найрал хөгжмийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн концерт” юм.

Ц.Намсрайжавыг зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”, “Баярын удиртгал” гэх мэт гайхамшигт бүтээлүүдээр нь ард түмэн мэднэ. 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан, манай нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн билээ. Тоглолт  Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын уран бүтээлүүд, оркестрын тоглосон шилдэг бүтээлүүд гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

БНМАУ-ын Соёлын Яамны 1957 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармонийн үндсэн суурь тавигдсан түүхтэй. Тухайн үед  анхны удирдаачаар Ц.Намсрайжав, туслах найруулагчаар Г.Бирваа ажиллаж байсан бөгөөд байгуулагдсан цагаасаа дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг ард түмэнд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах  үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Төрийн томоохон арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог өөрийн орны сонгодог урлагийн томоохон төлөөлөл, нүүр царай болдог хамт олон.

Өнгөрсөн хугацаанд Улсын филармонийн хамт олон Монголын баримтат болон уран сайхны 130 гаруй киноны хөгжмийг тоглосон ажээ. Мөн 1990 оноос өмнө орон нутгаар, тодруулбал 18 аймгийн ихэнх сумдад аялан тоглох урлагийн бригад жил бүр гаргаж, Улсын төсөвт нэлээдгүй орлого оруулахын зэрэгцээ дэлхийн хэмжээний хэд хэдэн фестивальд оролцож байсан юм. Дашрамд сонирхуулахад Улсын Филармонийг түүний нэрэмжит болгосны 20 жил мөн энэ онд тохиож байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top