“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Чуулганаар гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох юм. Мөн “Монгол гэр бүлийн өнөөгийн дүр төрх”, “Гэр бүл ба эрх зүйн орчин” гэсэн үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж, “Гэр бүлийн хөгжлийн одоо ба ирээдүй”, “Залуу гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудал” сэдвийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулах юм. Манай улс 2010 оны байдлаар нийт 742.3 мянган өрхтэй, нэг өрх дунджаар 3-7 ам бүлтэй болжээ.
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2011 онд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 81.3 мянга болж, 2004 онтой харьцуулбал сүүлийн долоон жилийн хугацаанд 23 хувиар өсчээ. Түүнчлэн өнөөдөр монгол гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарч, гэр бүлийн нийтлэг хэв маягийн зэрэгцээ хамтран амьдрах, гэрээт гэр бүл, ижил хүйстний, олон соёлт, улс дамнасан зэрэг гэр бүлийн хэв маягууд бий болж байгааг эрдэмтдийн хийсэн судалгааны дүн харуулсаар байна.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )