Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын ерөнхий газраас наадмын бэлтгэл ажлыг хангах ажил ид өрнөж байна. Жил болгон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олон баярлаж өнгөрүүлдэг бол энэ жилийн хувьд Улаанбаатар хотыг нийтэд нь хамарсан олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Жишээ нь, Баяр наадмыг угтаж хотын хэмжээнд Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийслэлийн зургаан том гүүрийн засварыг хийж гүйцэтгэх ба Сонсголонгийн гүүрнээс Дархан-Уул аймаг руу салдаг хэсэг хүртэл 10.6 км замыг засаж тохижуулах ажлыг хийж эхэлжээ. Мөн наадмын өмнө хотын захын 4000 орчим айл өрхийг гэрэл цахилгаанаар ханган айлууд гэртээ телевизор үзэх боломжтой болж байна. Баярын өмнө 3700 орчим гэрэлтүүлгийг гадаа гудамжинд байрлуулах ажлыг долдугаар сарын эхээр дуусгах аж.
Харин төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд урсгал засвар хийхийн хамт хүнсний төрлийн худалдаа хийлгэх 500 орчим зөвшөөрлийг олгохоор төлөвлөжээ. Үүний 300 нь хуушуур зарах зөвшөөрөл аж. Харин тэдний эрүүл ахуй, ариун цэврийн тал дээр ихээхэн анхаарал хандуулж, өндөр шаардлагаар зөвшөөрлөө олгох юм байна. Хүй долоон худгийн хувьд өмнө нь үзэгчдэд зориулсан суудал засахын тулд зөөдөг байсан энэ жил бетонон сандал байрлуулж наадамчин олныхоо ая тухыг хангахаар болжээ. Харин наадмын дараа төв цэнгэлдэхэд хуралддаг их хогны асуудлыг шийдэхийн тулд төрийн бус байгууллага болон оюутны байгууллагуудтай хамтран ажиллана. Түүнчлэн хогийн савны тоог нэмж байршуулахаар болсон юм.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )