Олимпийн бэлгэ тэмдгийг ашиглаж болохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Өнөөдөр Монголын үндэсний Олимпийн хорооны дэд захирал Ц.Дамдин, маркетинг хариуцсан мэргэжилтэн Б.Хосбаяр, Оюуны өмчийн газраас С.Урангэрэл нар Олимпийн бэлгэ тэмдэг, зохиогчийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Орчин үеийн олимпийн хөдөлгөөн 1894 онд эхэлснээс хойш 1912 онд Олон улсын олимпийн хороо өөрсдийн бэлэгдэл, сүлд дуу, туг, дарцгийг оюуны өмч юм гэж албан ёсоор баталсан байдаг. Иймд олимпийн хорооны өмч болсон зүйлсийг зөвшөөрөлгүй хэрэглэх эрхгүй. Мөн Олимпийн хороонд харьяалагдах олимпийн бэлгэ тэмдэг болох таван цагираг /цэнхэр, хар, улаан, шар, ногоон/ нь оюуны өмч учир ямар ч албан байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайтууд зөвшөөрөлгүй ашиглахыг хориглож байгаа юм. Олимпийн таван цагираг ч бус 44 нэр төрлийн томъёог Оюуны өмчийн газраар хамгаалуулсан тул зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон гэж хурлын үеэр онцоллоо. Түүнчлэн олимп гэдэг язгуураас бүтсэн үгийг нэр үг болон тэмдэг нэр болгон өөрийн ашиг орлогод нийцүүлэн ашиглаж болохгүй аж. Эдгээрийг ашиглахын тулд Олон улсын Олимпийн хороо болон Монголын Олимпийн хорооноос заавал зөвшөөрөл авах юм. Тиймээс Олимпын бэлгэ тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа албан байгууллагуудад зохих торгуулийг ногдуулна гэдгийг мэдэгдлээ.

Мөн олимпийн бэлгэ тэмдэг болсон зүйлсийг Олон Улсын олимпийн хорооны топ байгууллагууд болон Коко Кола компани албан ёсоор хэрэглэх эрхтэй юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top