Таван жилийн өмнөх тэр өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

Сонгуулийн салхи хүчээ авч хаа сайгүй итгэлийн хамхуул хийсгэж буй энэ цаг мөчид тэр өдрийг нэхэн саная. Магадгүй зарим хүн тэр өдрийг мартсан байх. Харин бид өргөсөн тангарагтаа үнэнч эх орны мөрдөст хөвгүүдийн үнэ цэнэ дор мэхийж, таван жилийн өмнөх гашуудал дүүрэн өдрийн хуудсыг эргүүлэн сөхөхийг хүсэв.

Одоогоос таван жилийн тэртээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ойн түймэр гарсаны улмаас шүхэрчин, гал сөнөөгч зэрэг аврагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод буулгах тушаалыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр 2007 оны 6 сарын 13-нд өгчээ. Түймрийг унтраахаар 2007 оны 6 сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн 4, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ар гэр, үр хүүхдээ умартан албандаа мордсон.
Гэвч нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт сүйрсэн бөгөөд ослын шалтгаан нь "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдсанаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан" гэж гарсан.

Харин энэхүү осол болсон шалтгааныг тухайн үед “ИНЕГ-ынхан холбоо, хяналтаа сайн тавиагүй, ХХЕГ ОХУ-аас ашиглалтаас гарсан нисдэг тэрэг авчирч нисгэсэн, ОБЕГ, Батлан хамгаалахын сайд, дарга нар эрэн, хайх ажиллагааг сайн явуулаагүй, цаг агаар муу байгааг мэдсээр байж нисгэсэн” зэрэгт буруутгаж байсан юм. Үнэхээр ч албан тушаалтнуудын хайхрамжгүй үйлдлээс үүдэн аврагчдын ар гэрийнхэн ааваараа, ханиараа, үрээрээ дутан өнөөдрийг хүргэв.

Ямарч үйлд хариуцах эзэн гэж байдаг. Гэвч эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийг гээснээр олны анхаарлын төвд байсан энэхүү “МИ-8”-ын ослын хэргийг хариуцах эзэнгүй болгожээ. Харин осол гарах үед хариуцлагатай алба хашиж байсан эрхмүүд одоо хаана юу хийж байгаа талаар тодруулахад дараах дүр гарч байна.
Тухайн үед  ОБЕГ-ын сайдын албыг С.Отгонбаяр хашиж байсан. Тэрбээр осол болсноос долоо хоногийн дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдөл өгсөн ч хэлэлцэгдэхгүй байсаар есдүгээр сард нь албан ажлаа өгсөн.

Үүний дараа Онцгой байдлын Ерөнхий газарт өндөр алба хашиж байсан дарга даамлуудтайгаа Улсын нөөцийн хөрөнгө мөнгө, идэж ашигласан, албан тушаалдаа хариуцлагагүй хандсан хэргээр ял сонсож, багагүй дуулиан дэгдээж дөрвөн жилийн ял сонссон. Гэвч түүний өмгөөлөгч уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж шүүхэд хандсанаар Улсын дээд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосноор нэр цэвэр үлдсэн. Харин С.Отгонбаяр өнгөрсөн сард АН-д элсэж, төрийн ордноор эргэлдэж эхэлсэн ч амжилт олсонгүй бололтой ямартай ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэнгүй.

Мөн тухайн үед Ерөнхий сайд М.Энхболд, Онцгой байдлын ерөнхий газарт Шадар сайд М.Энхсайхан нар 15 хүүгийн ар гэрийнхэнд нэг өрөө байрны ханшаар тооцож тус бүр 19.5 сая төгрөг өгсөнөөр сураг тасарсан. Тэд хариуцлага хүлээх л эрхмүүдийн тоонд орно. Эрхэм Шадар сайд М.Энхболд энэ УИХ-ын сонгуульд төв аймагт нэр дэвшээд тун завгүй. Харин М.Энхсайханы хувьд энэ сонгуульд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн сонгуулийн штабыг удирдаад гялалзаж явна. Тэд 2007 оны 6 сарын 14-ний өдрийг мартах эрхгүй. Учир нь “МИ-8”-ийн осол гэхээсээ илүү “МИ-8”-ийн хэрэг гэж нэрлэгдсээр ирсэн тэр өдөр он цаг өнгөрөх тусам бүдгэрч байна.

Эх орныхоо зүрхэнд мөнхөд нойрсох эрэлхэг хөвгүүдийг бид дурсах учиртай. Таван жилийн өмнөх тэр өдөр гэгээн инээмсэглэлийнхээ өмнө гэрэлт зул  үлдээгээд одсон Монгол эрчүүдийнхээ өмнө мэхийцгээе.  

П.НАНСАЛМАА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top