Дэлхийн шилдэг тенор, дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж, монголчуудыг баярлуулсан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр эх орондоо ирлээ.
Дуучин маань 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буугаад ирсэн даруйдаа 12.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Тэрээр: “Намайг халуун дотноор хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Монголынхоо нийт ард түмэндээ үргэлж дэмжиж байдагт баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Дэлхийн 1000 гаруй шилдэг дуурийн дуучдаас шалгарсан шилдэг хорин дуучин өрсөлдсөн алдарт дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна.
Миний өрсөлдөгчид жинхэнэ шилдгүүд байсан. Надтай хамт шилдгээр шалгарсан АНУ-ын дуучин гэхэд хоолойны хувьд гайхамшигтай. Зүгээр л хөгжим шиг дуугардаг хүн байна лээ. Тус уралдааны гол шүүгчээр алдарт дуурийн дуучин Плачидо Доминго өөрөө суусан. Уралдаан маань нэгдүгээр байрын шагналыг хоёр хүнд өгдгөөрөө бусад дэлхийн данстай конкурс, уралдаануудаас онцлог байлаа.
Намайг хамгийн сүүлчийн шатанд дуулахад Плачидо Доминго энэ жаахан хүүхэд яаж дуулах болдоо гэж бодож байсан гэсэн. Харин дуулсаны дараа үнэхээр чадалтай хоолойтой, гайхамшигтай сайн дуучин юм байна гэж үнэлсэнээ сүүлд уулзахдаа хэлсэн юм. Уралдаанд түрүүлчихээд эхэндээ ерөөсөө итгэж өгөхгүй байсан. Харин тайзан дээр гараад шагналаа авахдаа “Доминго”-д түрүүлжээ гэж бодсон.
Өдий зэрэгтэй явахад минь тус болсон төрүүлж өсгөсөн аав ээждээ болон эрхэм багш нартаа, театрынхандаа үнэхээр их баярлаж байна” гэв. Дашрамд дуулгахад, Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 15-нд Тайваньд тоглолтод оролцохоор явах юм байна.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )