Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүх танхимд өглөө эхэлсэн шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. Зургадугаар сарын 7-нд болохоор товлогдоод байсан шүүх хурал шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хойшилсон юм. “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар нь шүүх хурал болохын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 16-нд хэвлийн тус газраа хутгалуулж, яаралтай мэс засал хийлгэсний улмаас шүүх хурал саатаж байсан юм. Хоёр дахиа зургадугаар сарын 7-нд болох байсан шүүх хурал н.Төмөрбаатар дахин мэс засал хийлгэсэн гэх шалтгаанаар хойшилсноор ийнхүү өнөөдөр боллоо.
Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр "Гал үндэстэн" холбооны тэргүүн У.Мөнхбаярт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн улсын яллагчаас 5 жил хорих ял оноох шийдвэрийг гаргаад байсан юм. Шүүх хурал дөнгөж сая дахин хуралдаж Ц.Мөнхбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй гэж үзлээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )