АН-ын дарга Н.Алтанхуяг аймгуудад ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Тэрбээр зүүн аймгуудад ажиллаад өнөөдөр Говь-Алтайг зорилоо.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Батноров сум, Бэрх тосгоныхон АН-ын бэлгэдэл болгосон улбар шар хувцастайгаа угтлаа

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын сонгуулийн өмнө орон нутгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж явна. Долоо хоногийн өмнө тэрбээр Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажиллаж, алс баруун нутгийнхны амьдрал байдалтай танилцан, иргэдтэй уулзалт хийж, “Ардчилсан намын дэвшүүлсэн “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний  хувь нэмэр их бий” гэдгийг илэрхийлж явсан. Тэгвэл энэ долоо хоногт өөрийн зөвлөх С.Отгонбаяр, АН-ын жагсаалтаар нэр дэвшигч Б.Батбилэг нарын хамт зүүн гурван аймагт ажиллаад өнөөдөр Говь-Алтай аймгийг зорилоо.

Өнгөрсөн онд орон даяар “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг хийн, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг биечлэн сонсож явсан АН-ын дарга Н.Алтанхуяг сонгуулийн өмнө Монгол орноо дахин тойрч яваа нь орон нутгийн иргэдийн амьдралд онцгой ач холбогдол өгч буй нь нэг илрэл юм. Ардчилсан нам “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийнхээ үр дүнд үндэслэн “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Өөрөөр хэлбэл хүн рүү чиглэснээрээ Ардчилсан намын бодлого Монгол орны өнцөг булан бүрт хүрэхүйц цар хүрээтэй хөтөлбөр болсныг нь намын даргын ач холбогдол өгч буй үйл явц харуулж байна.

                                          АН-ын дарга Н.Алтанхуяг Хэнтийн хоёр "баатар"-тайгаа хамт


АН-ын дарга Н.Алтанхуяг: Ажилтай орлоготой Монгол хүний төлөө Хэнтийчүүд хоёр баатараа дэмжинэ гэдэгт итгэж байна

Ардчилсан намын даргыг зүүн гурван аймагт очиход Ардчилсан намын гишүүд дэмжигчид угтаж, баяр хүргэн, энэ жилийн сонгуульд Ардчилсан нам өнгөтэй оролцож байгааг ярьж байв. Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг, Сүхбаатар аймагт нэр дэвшигч М.Зоригт нарыг дэмжин иргэд сонгогдчидтой уулзсан АН-ын дарга Н.Алтанхуяг пүрэв гарагт Хэнтий аймгийн Батноров сум, Бэрх тосгонд ажилласан юм. Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нар түүнтэй цуг Батноров сум, Бэрх тосгонд сонгогчидтой уулзалт хийж, Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, бодлогыг танилцуулав.

АН-ын дарга Н.Алтанхуяг Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийнхан энэ жилийн сургуульд Ардчилсан намын дэвшүүлсэн хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн, иргэн бүрээ ажил орлоготой болгоход чиглэсэн “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө саналаа өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ Хэнтийд Ардчилсан намаас дэвшиж буй Гарамгай, Хүдэрбаатарыг хамтад нь дэмжсэнээр, ялсан шиг ялалт байгуулснаар иргэн бүрээ ажилтай, орлоготой болгох Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтойг хэлж байлаа.

                                                 “Халуун элгэн нутаг” дууг хамтдаа дуулав

Түүнчлэн АН-ын дарга ""Бид 2008 онд хамтарсан Засгийн газарт орж, гурван жил гаруй ажиллахдаа ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хамтарсан Засгийн газарт хийх ёстойгоо хийсэн. 2008 оны сонгуулиар бидний амласан иргэн бүртээ газрын доорхи баялгаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилго биелж, иргэн бүр хувьцаатай боллоо. Гэхдээ хамтраад хийж болдоггүй зүйл олон бий. Эдгээрийн нэг нь хээл хахуулийг үгүй хийх асуудал учраас хамтарсан Засгийн газраас гарч, хийж чадаагүйгээ хийхийн төлөө бид ажиллаж байна. Өнөөдөр мөнгөгүй жирийн ардад Монголын хууль хатуурхаж, мөнгөтэй хүнд үйлчилдэггүй шударга бус байдлыг бид л үгүй хийх ёстой. Шударга ёс байхгүйгээр хичнээн мөнгөтэй байгаад хэрэг алга. Тийм учраас шударга ёсыг тогтоож, хээл хахуулийг үгүй хийж, Монгол хүн нутагтаа ажил хийж, түүнийхээ орлогоор сайхан амьдардаг болохын төлөө Ардчилсан нам ажиллаж байна. Үүнийг бид олуулаа хамтраад хийнэ. Чадахгүй бол цөөхөн нь хөлжөөд явна. Тиймээс өөрчлөх цаг нь болсон. Ардчилсан намынхны өмссөн хувцасыг та нар харж байна. Энэ бол хот тохижилтынхны хувцасны өнгөтэй адил улбар шар. Бид шударга ёсны төлөө авлига, хээл хахуулиас цэвэрлэе гэж энэ өнгийг сонгосон. Хамтдаа цэвэрлэцгээе"" гэж байлаа.

Харин нэр дэвшигчдийнхээ тухайд АН-ын дарга “Манай Б.Гарамгайбаатар Монгол Улсад 300 км зам тавьсан, Монгол Улсын бүтээн байгуулалтад өөрийн үүргийг гүйцэтгэж, хариуцлагатай ажиллаж байгаа хүн. М.Хүдэрбаатар маань Хэнтийчүүд та бүхний дунд төрж өсөөд багаасаа арлын Японд очиж ажиллаж, боловсрол эзэмшсэн, Монголын нийгмийг өөрчлөхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа эрч хүчтэй залуу хүн. Өнөөдөр бидэнд ийм эрч хүчтэй, юм хийж чадах залуу хүн хэрэгтэй байгаа учраас Ардчилсан нам дэмжсэн. Бид ийм хүмүүсээ дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих вэ” гэж тодотгон лээ.

Түүнийг Хэнтий аймгийн Батноров суманд ажиллах үеэр хэд хэдэн хүмүүс Ардчилсан намыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Д.Эрдэнэчимэг, Б.Ганхуяг, н.Өлзийбаатар,С.Баярцолмон, н.Мөнхтөр, н.Байгалмаа, н.Цэндмаа нар Ардчилсан намын гишүүнээр элслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top