Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хурлын үеэр УИХ болон НИТХ-ын ээлжит сонгууль болж буйтай холбогдуулан МСЭ нь өөрийн гишүүд, нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хандан сонгуулийн үеэр ажиллах зөвлөмжийг хүргүүлэв. Зөвлөмжид, мэдээллийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллах, төлбөртэй болон захиалгат мэдээ мэдээллийг “Төлбөртэй”, “Захиалгатай” хэмээн тодотгож байх хэрэгтэй. Түүнчлэн ямарваа хурц зөрчилтэй үйл явдлын халуун цэгээс мэдээ, сурвалжлага дамжуулахдаа үйл явдлыг бодитой, шуурхай мэдээлэхээс гадна таагүй үр дагавар, аюултай байдал үүсч болзошгүй нөхцөлд иргэдэд сэрэмжлүүлэг өгч, нийгмийн аюулгүй байдлын төлөө санаа тавьж ажиллана.
Мөн мэдээ мэдээллэл, сурвалжлага хийх үеэр мэргэжлийн эрх тань зөрчигдөж ямар нэгэн дарамт сүрдүүлэгт өртвөл нэн даруй МСЭ-д хандан эрхээ хамгаалуулах болон хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч бусад байгууллагуудад нэн даруй хандах гэх мэт асуудлыг тусгажээ.
Харин сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргасны улмаас хууль хяналтын байгууллагад дуудагдах, шалгагдах тохиолдолд МСЭ-д хандах бөгөөд зөвлөгөө авах, зохицуулалт хүсэх бүрэн боломжтой гэдгийг хэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )