“Алтан тариа” гурилын үйлдвэрийн нөөц дуусчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

Дотоодын зарим үйлдвэрийн гурил тасраад нэлээдгүй удаж байна. Хүнсний зах, худалдааны төвүүд болон хөдөө орон нутагт дотоодын нэр төрлийн “Алтан тариа”, “Улаанбаатар” зэрэг гурилууд нийлүүлэгдэхгүй байгаа юм. Худалдааны төвийн худалдагч нар хэлэхдээ “Алтан тариан гурил тасраад удаж байна. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй. Үйлдвэр нь зогссон энэ сарын 18-ныг хүртэл гурил нийлүүлэхгүй гэсэн. Үнээ нэмэх гэж байгаа юм болов уу гэж таамаглаж байна” гэж байв.

Харин энэ талаар Алтан тариан гурилын үйлдвэрийн ажилтан хэлэхдээ “Манайх түүхий эдийн нийлүүлэлт тасалдсанаас үйл ажиллагаа зогсоод 15 хонож байна. Тиймээс зах зээлд гурилаа нийлүүлэхгүй байгаа. Салбарын яам нь улаан буудайны маш их нөөцтэй гэж ярьдаг. Гэтэл манай удирдлагууд өнгөрсөн 15-наас хойш яамнаас буудай авах тохиролцоонд хүрч чадахгүй үйл ажиллагаагаа зогсоод байна” гэлээ. Өнгөрсөн онд сүүлийн 20 жилд байгаагүй арвин ургац авсан. Монголын жилийн гурилын хэрэгцээ 230 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл 430 мянган тонн буудай авна гэдэг Монгол улсын хэрэгцээг давуулсан гэсэн үг аж.

ХХААХҮЯ-наас мэдээлэхдээ “Улсын хэмжээнд улаан буудай илүүдэлтэй байхад дотоодын нэг үйлдвэрлэгч буудайны нөөцгүй болж үйл ажиллагаа нь зогслоо гэхэд Монгол улсын зах зээлд нөлөөлөхгүй. Цаана нь олон гурил үйлдвэрлэгч байна. Алтан тариа компаниас манайд буудай авах санал тавьсан. Тэр компани бүх нөөцөө дуусаад агуулахаа сайхан цэвэрлээд авлаа. Тэдэнд л сайн хэрэг шүү дээ. Одоо дахиад шинэ буудай татаж байна. Энэ байдаг л асуудал” гэжээ. Тиймээс нэг компани нөөцөө дууслаа гээд зах зээлд гурил хомсдохгүй. Гурилын үнийг ч мөн заавал нэмэх шаардлагагүй. Харин Улаанбаатар гурилын үйлдвэр Дарханд шинэ үйлдвэр барьж, ашиглалтад оруулж байгаа учир  нийлүүлэлтээ түр зогсоосон байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top