Өнөөдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны 47 дугаар байрны “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар, тус байрны оршин суугч н.Мэндээ, өмгөөлөгч, хуульч Н.Сосорбарам нар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ 2004 онд 100 гаруй метр талбайтай, зориулалтын тусгай байртай, орон сууцны долоон байр, 199 өрх, 1594 хүн ам, 63 аж ахуйн нэгжийг усаар хангадаг “Ус дулаан дамжуулах 085 тоот төв”-ийн тоног төхөөрөмжийг “Эрдэм” СӨХ-ны 20 айлын таван давхар 47 дугаар байрны 20 гаруй метр талбайтай подвалийн хэсэгт байрлуулсан. Энэ нь оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөд байна.
Тус байрны 20 орчим ам метр талбайтай подвальд “Ус, дулаан дамжуулах төв”-ийн тоног төхөөрөмжийг хууль бусаар байрлуулсныг Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж илрүүлэн арга хэмжээ авч байжээ. Тухайлбал, даралт баригч тоноглолгүй, чийгшилт, уур солилцох салхивч хийгдээгүй. Мөн барилгад суулт үүсгэсэн дулааны узельд үүссэн усны уур, чийгшилт хүйтний улиралд барилгын 1-2 дугаар давхарт цан хүүрэг үүсгэж байгааг тогтоожээ.
Иймд иргэд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Үүний дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 тоот шийдвэрээр “Ус дулаан дамжуулах төв”-ийн барилгыг барихаар шийдвэрлэсэн. Гэтэл иргэн Л.Чинбат хууль бусаар барилгын ажлыг зогсоож оронд нь ямар ч зураг төсөл, зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн гэнэ. Энэ байдлыг шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяад удаа дараа ханджээ. Гэвч уг шүүхийн тогтоолыг одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа учир дахин шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч алба "Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хүнд хэрхэн тал засч шүүхийн шийдвэрийн захирамжийг уландаа гишгэж байна" гэж Н.Бумбар хэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )