Дэлхийн эмэгтэй зураачдын холбооноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг эмэгтэй зураачдын үзэсгэлэн энэ жил Вьетнам улсад болох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэн “Дэлхийн шинэ урлаг дахь эмэгтэй зураачдын хувь нэмэр” гэсэн сэдвийн дор явагдах бөгөөд сэдвийн хүрээнд орон орны уран бүтээлчид илтгэл тавих юм. Тус үзэсгэлэнд манай эмэгтэй уран бүтээлчдээс Ц.Энхтуяа, Д.Соёлмаа, В.Ундраа, Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Б.Насанцэнгэл, Г.Оюун, Т.Нурмаажав, Д.Булгантуяа, Э.Билэгт нар оролцоно. Үзэсгэлэнд хүн бүр нэг уран бүтээлээр оролцох ба оролцогчдын бүтээл нь аливаа улсын соёл, зан заншил болон үндэстэн ястан руу давшилсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аяс агуулсан байхыг хоригложээ. Энэхүү үзэсгэлэн нь дэлхий дахины эмэгтэй уран бүтээлчдийг танилцуулах, уран бүтээлийн санал бодол солилцохыг нь дэмжих зорилготой ажээ. Дэлхийн эмэгтэй зураачдын холбоонд одоогийн байдлаар 20 гаруй орны уран бүтээлчид нэгджээ. Дашрамд дурьдахад 2014 оны олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн манай улсад зохион байгуулагдахаар болсон байна.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )