АН ын дарга Н.Алтанхуяг Завханы нэр дэвшигчдээ дэмжихийг уриалав

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Хутагтын нутагт хур бороотой айлчилсан АН ын дарга Н.Алтанхуяг, жагсаалтаар нэр дэвшигч З.Нарантуяа, Ж.Батболд, Завхан аймгийн ИТХ ын дарга Дэмчигсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Лхамсүрэн нар өнөөдөр Улиастой хотын иргэд сонгогчидтой уулзлаа.
Завхан аймагт Ардчилсан намаас аймгийн Засаг дарга Я.Санжмятав, аймгийн АН ын дарга Б.Шинэбаатар нар дэвшиж байгаа бөгөөд нэр дэвшигчид Завхан аймгийн хойд сумдаар тухайлбал Тэс, Баянтэс, Түдэвтэй зэрэг суманд ажиллаж байгаа аж.
Улиастай хотын иргэдийн уулзалтыг нээж АН ын дарга Н.Алтанхуяг “Монгол түмнийхээ өв соёлыг дэлхийд таниулж 999 морин хуурчийн хуурын эгшгийг нийслэл хотноо эгшиглүүлж, оюун ухааны шатрын спортын гайхамшгийг гайхуулж буй Завхан нутгийнхан өнөөдөр монголдоо төдийгүй дэлхийд танигджээ. Завхан нутагт сүүлийн дөрвөн жил хөгжлийн эрчимтэй, зөв бодлогыг Я.Санжмятавын багийнхан хэрэгжүүлж чадлаа. Завхан аймгийн хувьд уул уурхай нэрийн дор огт хөндөгдөөгүй, хайгуул, ашиглалтын лицензид идэгдээгүй. Завхан нутаг ашигт малтмалын бус аялал жуулчлалын төв болон хөгжих ёстой. Онгон дагшин хайрхан, олон хутагт хувилгаадын нутагт хүрз хүрэх ёсгүй гэсэн бодлогыг манай нам баримталж байна. Завхан аймагт АН аас Аймгийн засаг дарга Я.Санжмятав, аймгийн АН ын дарга Б.Шинэбаатар нар дэвшиж байгаагаас гадна Завхан нутгийн хүү Ш.Түвдэндорж, З.Нарантуяа нар АН ын жагсаалтад нэр дэвшиж байна. АН ыг Завханчууд дэмжиж саналаа өгсөнөөр Завхан аймаг УИХ д дөрвөн гишүүнтэй болох боломж байна. Завхан нутгийнханд илүү их боломж байна” гэж онцолсон юм.

             Мөн энэ үеэр АН аас жагсаалтаар нэр дэвшигч З.Нарантуяа, Ж.Батболд нар АН аас дэвшүүлсэн “Монгол хүн” хөтөлбөрийн талаар иргэдэд тайлбарлав.


АН аас жагсаалтаар нэр дэвшигч З.Нарантуяа: Ажилгүйдэл, ядуурлыг манайх бууруулна


   Манай нам өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд 21 аймаг, 330 сумандаа хүрч иргэдээ сонсож “Монгол хүн” хөтөлбөрөө боловсруулсан. Монгол хүн хөтөлбөрт ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэхээр тусгасан. Ажил эрхлэлтийн бодлогыг шинэ түвшинд гаргана. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны бодлогын 80 хувь нь халамж руу чиглэж байна. Манай нам Нийгмийн хамгааллын яамыг хөдөлмөрийн яам болгож бодлого чиглэлийн 80 хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгохолд чиглүүлэн ажиллана. Ажлын байр нэмэгдүүлж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажиллана. Завхан аймаг аялал жуулчлалын төв болон хөгжих бодлого боловсруулагдсан. Тийм учраас бид үүнд өөрсдөө бэлтгэгдэх хэрэгтэй. Аялал жуулчлалын стандартад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нь хамгийн чухал. Мөн манай нам аймаг орон нутагт 1000 айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулсан. Харин манай Я.Санжмятав дарга үүнийг урьдчилан харж аймгийн төвд 198 айлын орон сууцны шав тавьсан. үүнийг дагаад манай аймагт барилгын материал үйлдвэрлэлийн бизнес хөгжих боломж бүрдэж байна. Төр иргэддээ тэгш боломж олгож дэд бүтцийг нь шийдэх өгөх ёстой. Тийм учраас Завхан нутгийнханд маань тэгш боломж олдох учраас хөдөлмөрлөх хэрэгтэй. Ингэхийн тулд бид Я.Санжмятав, Б.Шинэбаатар болон АН д саналаа өгөх ёстой. АН д саналаа өгсөнөөр жагсаалтаар нэр дэвшиж байгаа намайг мөн дэмжиж байна гэсэн үг юм шүү.


АН ын жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд:
Ардчилсан нам Монгол хүний үнэ цэнийг эн тэргүүнд тавьж чадсан


Хутагтуудын өлгий нутаг оюунлаг хөдөлмөрч ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Завхан нутаг хэзээний хутагт хувилгаадын нутаг гэдгээрээ алдартай учраас үр хойч нь оюунлаг байдаг гэж боддог. Тэр түүчээг үргэлжлүүлэн манай намынхан, Я.Санжмятавын багийнхан 2008 2012 онд Завхан нутагтаа “Гурван тулгуурт” бодлого хэрэгжүүлж монгол орон даяар оюунлаг, сод гэдгээ харуулж чадлаа. Ийм зөв хүнээ баг балчираас нь хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа Завханы ардчиллын багт баяр хүргэе. Үүнтэй адил Ардчилсан нам Монгол хүн хөтөлбөрийг боловсруулж Монгол хүний үнэ цэнийг эн тэргүүнд тавьж байна. Монгол хүн эх нутагтаа эрүүл саруул, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, амар тайван, ажилтай орлоготой амьдрах нь хамгийн чухал. Тийм учраас АН хүний хөгжлийг эрхэмд тавьж Монгол орон даяар хөтөлбөрөө хэлэлцүүлж батлуулсан. Ардчилсан нам ялсанаар хөтөлбөрийн үр шимийг Монгол хүн бүр, Завханчууд та бүхэн хүртэх болно. Монгол хүний үнэ цэнийг өргөхийн тулд нийгмийн салбарт хүнээ дэмжсэн 10 гаруй бодлого хэрэгжүүлэх болно.
               

АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид Улиастай хотод уулзалт хийх үеэр Завхан аймагт нэр дэвшигчидл нутгийнхаа хойд сумдаар явж иргэд сонгогчидтой уулзаж байв. Энэ үеэрээ нэр дэвшигч Я.Санжмятав “Хийсэн ажил их, хийх ажил ч их байна. Завхан нутгийн иргэдийн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хүсэл зорилго байна. Өнөөдрөөс илүү маргаашийн төлөө өөрчилсөн шиг өөрчлье хамтдаа” гэж байсан бол нэр дэвшигч Б.Шинэбаатар “Завхан аймаг бол олон хутагт хувилгаадын нутаг бөгөөд хэн дуртай нь хүрз барин дайрч чадахгүйг бид үргэлж санах ёстой” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top